Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

П.Бадамрагчаа: Хамаарал бүхий хүн нь шүүхэд ажилладаг бол албан тушаалд нэр дэвшдэггүй байх соёл хэрэгтэй

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн томилгооны сонсголын энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Хууль зүйн байнгын хороо зохион байгуулсан. Томилгооны сонсголд үндэслэж сонгон шалгаруулах ажлын хэсгээс дээрх орон тоонд тус бүр таван шүүгч бус гишүүнийг шалгаруулж, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар томилох юм. Томилгооны сонсголд УИХ-ын гишүүдээс гадна иргэний нийгмийн төлөөлөл, судлаач, иргэд ажиглагчаар оролцсон. Ажиглагчдын нэг болох "Нээлттэй нийгэм форум"-ын менежер П.Бадамрагчаагийн томилгооны сонсголын талаарх нийтлэлийг хүргэж байна. 

Шүүхийн тухай хууль амилах цагаар төрсөн сэтгэгдэл

Шүүхийн тухай хуулийг амь оруулахад чухал үүрэгтэй Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох ажил зургаан сарын турш сунжирсан ч гол шийдвэр гаргах үйл явц энэ долоо хоногт жирс хийгээд өнгөрөх нь байна. Шүүх эрх мэдлийн хүрээний томилгооны асуудал хараат бус байдалд эргэлзээ төрүүлдэг эмзэг процесс байсаар ирсэн бөгөөд шинэ хуулиар түүнийг зөвхөн нэг албан тушаалтан, хаалттай процесс байсныг аль болох олон хүний оролцоотой, нээлттэй процесс болгож өөрчилсөн билээ.

Нээлттэй гэдэгт нэр дэвших үйл ажиллагааг чөлөөтэй болгож албан тушаалаар буюу аль нэг байгууллагаас бус хуулийн шаардлага хангасан хувь хүн өөрөө хүсэлт гарган нэр дэвшдэг болсон бөгөөд энэ удаад 50 гаруй хүн өөрийн хүсэлтээр нэр дэвшжээ. Дэлгэрэнгүй танилцуулгыг дараах холбоосоор харна уу: parliament.mn

Нээлттэй болсон дараагийн зүйл нь нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг ил болгосон бөгөөд иргэд олон нийт сонгон шалгаруулах чиг үүрэг бүхийн ажлын хэсэгт тухайн нэр дэвшигчийн талаар мэдээлэл гаргах боломж нээгдсэн явдал юм. Ингэснээр шүүхийн захиргааны байгууллагын хамтын удирдлагад ямар хүмүүс томилогдож болох болохгүй талаар хүмүүсийн санаа бодлыг сонсох боломжтой болсон.

Нээлттэй байдлыг хангах дараагийн алхам бол сонгон шалгаруулалтын эхний шатанд ажлын хэсгийн гишүүдийн талаас илүү санал авсан нэр дэвшигчидтэй УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны томилгооны нийтийн сонсгол хийж олон нийтийн оролцох боломжийг хангасан явдал юм.

Би 10 гаруй жил шүүх эрх мэдлийн салбарын шинэтгэлд өөрийн эрхэлдэг ажлын хүрээнд бодлогын судалгаа шинжилгээ, бодлогын хэлэлцүүлэгт оролцох зэргээр хувь нэмэр оруулж ирсний хувьд 2021 оны арваннэгдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү чухал сонсголын процессыг анхааралтай ажиглаж биечлэн оролцлоо. Сонсголын шууд дамжуулалтыг УИХ-ын ParliamentMN хуудаснаас үзээрэй.

Ажиглалтаас дүгнэхэд:

1. Шүүхийн сахилгын хорооны нэр дэвшигчдээс олонхын санал авсан таван хүн л байгаа бөгөөд заавал тавууланг нь сонгож томилох албагүй гэдгийг сонсгол даргалагч цохон тэмдэглэсэн болно. Шүүхийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн асуудал нэр дэвшигчтэй холбогдон гарсны нэг нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл бөгөөд Д.Эрдэнэчулуун, Д.Ариунтуяа нэр дэвшигчдийн ойрын хамаарал бүхий хүмүүс хяналтын болон давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажилладаг нь анхаарал татаж байлаа. Монгол Улсад 4-5 мянган хуульч байгаагаас ямар нэг шүүхэд ойрын, гэр бүлийн гишүүд ажилладаггүй хүн олдохгүй байна гэдэг харамсмаар явдал юм. Шүүхийн сахилгын хорооны нэр хүнд, олны итгэл хүлээх байдалд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг шийдвэр гаргагчид анзаарах хэрэгтэй байна.

 

2. Гүйцэтгэх, хууль сахиулах салбарын туршлага эрх зүйн хувьд мэргэшсэнд тооцогдох эсэх асуудал сонсголын явцад хөндөгдсөн нь цаашид нэр дэвших шалгуурт тодорхой болгох шаардлагатай гэж харагдлаа.

3. Шүүхийн сахилгын хорооны гишүүд багийн ажиллагаа, хамтын удирдлага хэрэгжүүлэхээс илүү гомдол шийдвэрлэхдээ чигч шударга, гаднын болон дотроосоо үзүүлэх нөлөөллөөс ангид ажиллах чадвартай хүмүүсийг олж томилоход анхаарах хэрэгтэй санагдлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус 5 гишүүнд нэр дэвшигчдээс 6 хүн 50-с дээш хувийн санал авч сонсголд оролцлоо.

4. Шүүгчийн томилгооны асуудал хариуцах чиг үүрэгтэй албан очиж байгаа хүний хувьд ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байсныгаа формаль тайлбараар хааж байгаа нь учир дутагдалтай санагдав. Мөн гэр бүлийн гишүүн нь шүүхэд ажилладаг зэрэг өмнө дурдсан ашиг сонирхлын зөрчлийн асуудал ч мөн сөхөгдлөө.

 

5. Нотариатын өөрөө удирдах ёсны байгууллагыг тэргүүлж байсан нэр дэвшигчтэй холбоотой санал гомдлыг хэлэлцэхэд сонсголын ихэнх цагийг гарзадлаа. Ийм мэргэжлийн хариуцлага, ёс зүйтэй холбоотой маргаан үүссэн, улмаар шүүхэд очих магадлалтай нөхцөлд маргаанаа нэг тийш болтол нэр дэвшихгүй байхаар журамлавал зүйтэй санагдлаа. Хувь нэр дэвшигчийн зүгээс ёс зүйн хувьд байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг ухамсарлан энэ удаад нэр дэвшихгүй байж болох байлаа. Нөгөөтээгүүр, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх шалгуурын хувьд ийм хэл ярианы бай болох хүн нэр дэвшмээргүй байгаа юм. Сонсголын явцад энэ талын мэдээлэл гарч ирж байгаа нь энэ процессын ач холбогдлыг харууллаа гэж бодож байна.

6. ШЕЗ, ШСХ гэх мэт байгууллагын иргэдийн итгэл хүлээх байдалд сөрөг нөлөөлөх эрсдэлээ бодолцож хувийн амбицаас илүү байгууллагын нэр хүндэд үзүүлэх сөрөг нөлөөг харгалзан ойрын хамаарал бүхий хүн нь шүүхэд ажилладаг бол албан тушаалд нэр дэвшдэггүй байх соёл алсдаа хэрэгтэй санагдлаа.

7. Улс төрчдийн зүгээс сонсголд оролцогчид, нэр дэвшигчдэд хүндэтгэлтэй хандахад анхаармаар санагдсан. Цаашид өндөр хариуцлагатай албанд өөрийн нэгэнт бий болгосон карьераа завсарлан байж ирэх мэргэшлийн өндөр ур чадвартай хуульчид ийм харилцаа хандлагаас болж үргэж мэдэхээр зүйлс ажиглагдлаа. Энэ удаагийн нэр шалгарсан нэр дэвшигчидтэй нэг салбарт ажилладгийн хувьд, бүгд хийсэн бүтээсэн зүйлстэй, эрдэм мэдлэг хуримтлуулсан, карьерын өндөрлөгт хүрсэн, бусдын хүндлэл хүлээсэн хүмүүс гэдгийг мэдэхийн хувьд зарим харилцаа, хандлагыг тэвчин суухыг нь харах амаргүй байлаа.

8. ШСХ, ШЕЗ нэг системийн байгууллага ч чиг үүрэг, гишүүдэд тавигдах шаардлага өөр тул сонгон шалгаруулалт, томилгооны процесс, сонсгол нь тус тусдаа явсан нь өлзийтэй бололтой. Хольж хутгаад иргэдэд буруу ойлголт төрүүлэхээр санагдав.

9. Шууд дамжуулалт тасралтгүй явагдахад анхаарах шаардлагатай байна. Олон нийтэд энэ процесс хүрснээр иргэд шүүхийн талаар илүү ойлголт мэдээлэлтэй болох, тулгамдаж байгаа асуудал, шийдэх арга замын талаар ч мэдэж авах боломж бүрдэж байна. Тиймээс томилгооны сонсголыг ил тод, нээлттэй байдлаар хийх энэ чухал парламентын соёл, практик улам батжиж, үргэлжилнэ гэж итгэж байна.

Энэ бичвэрт аль нэг байгууллагын байр суурийг илэрхийлээгүй бөгөөд нэр дэвшигч хувь хүмүүсийн нийтэд нээлттэй сонсголын явцад яригдсан асуудал суурилсан сэтгэгдэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.


Томилгооны сонсголоор шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнд нэр дэвшигчид: 

 
 
 
 
 

Томилгооны сонсголоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнд нэр дэвшигчид: