Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Боломжит ажиллах хүч өмнөх улирлаас 17.6 мянгаар буурчээ 

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр ажиллах хүчний судалгааны 2021 оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгааг мэдээлэв.

Тодруулбал, ажиллах хүчний 1.1 сая буюу 92.6% нь ажиллагчид байгаа аж. 

Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 40.1 (3.4%) мянгаар буурч, өмнөх улирлаас 30.2 (2.7%) мянгаар өсжээ.

Харин улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны хүн амын 893.8 (42.1%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байгаа юм. Тэдгээрийн 54.2 (6.1%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна.

 Хөдөлмөрийн дутуу ашиглалтын

  • 54.2 (35.3%) мянга нь боломжит ажиллах хүч,
  • 90.9 (59.3%) мянга нь ажилгүй хүн,
  • 8.3 (5.4%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна.

Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 5.9 (3.7%) мянгаар, өмнөх улирлаас 22.5 (12.8%) мянган хүнээр буурсан байна.

Мөн ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 1.7 (1.8%) мянгаар, өмнөх улирлаас 10.4 (10.3%) мянгаар буурчээ. Тодруулбал, ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 15-24 насны бүлэгт 8.3 мянгаар, өмнөх улирлаас 25-39 насны бүлэгт 9.7 мянгаар, 45-54 насны бүлэгт 5.2 мянгаар тус тус буурчээ.

Тэгвэл боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 8.4 (13.4%) мянгаар, өмнөх улирлаас 17.6 (24.6%) мянгаар буурсан байна.