Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Харуулын даргаа буудаж, зэвсэгтэй зугтсан цэргүүдийн нэгд 11 жил хорих, нөгөөд нь зорчих эрхийг нэг жил хязгаарлах ял оноожээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хоёр цэрэгт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 15-нд хэлсэн шүүх хуралдаан ажлын цаг дууссан тул завсарлаж, 16-ны 09:00 цагаас үргэлжилсэн юм. 

Шүүхээс шүүгдэгч Х-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М-тэй бүлэглэн дээрэмдэх,  цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн, цэргийн албан хаагч нь өөрт итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн зэрэг үйлдэлд гэм буруутайд тооцсон байна. Харин шүүгдэгч М-г байлдааны тоног төхөөрөмжийг санаатай гэмтээсэн, мөн дээрэмдэх, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргүүдийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. 

Ийнхүү шүүгдэгч Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч М-д нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан байна. 

Эргэн сануулахад, Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэгтэй зугтсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гарсан.

Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг гурав хоногийн дараа Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ямар нэгэн эрсдэлгүй баривчилж байсан юм.