Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс далбааныхаа өнгийг сольжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Гурван өнгөт Франц улсын төрийн далбааны өнгө бага зэрэг өөрчлөгдсөнийг ерөнхийлөгч Эммануэл Макроны засгийн газар өчигдөр л олон нийтэд мэдээлжээ.

Өнгөрсөн оны долдугаар сард хийсэн уг өөрчлөлтийг зарлах хүртэл нь хэн ч анзаараагүй байна.

Ингэхдээ гурван өнгөний хөх өнгийг нь илүү бараан болгожээ.

Бараан хөх өнгө 18 дугаар зуунаас буюу Францын хувьсгалын дараа төрийн далбааны гурван өнгөний нэг болсон юм байна.

Гэтэл 1970-аад оны үед Францын засгийн газар далбааны өнгөө цайвар хөх өнгөөр сольж байжээ. Энэ нь Европын Холбооны далбааны өнгөтэй нийцүүлсэн өөрчлөлт байсан гэнэ. Бараан хөх өнгө нь тус улсын төрийн далбааг илүү “үзэмжтэй гоёмсог” болгож байгаагаас гадна Францын хувьсгалтай холбож байгааг Элисейн ордноос гаргасан тайлбарт өгүүлсэн байна.

Харин зарим ажиглагчид үүнийг Европын Холбооны далбааны хөх өнгөнөөс ялгарсан нь Франц, Европын зөрчлийг харуулж байж магадгүй гэж тайлбарлажээ.

Ерөнхийлөгч Макроны туслах уг сэжгийг няцаахдаа “Энэ өөрчлөлт ямар ч зөрчил, хуваагдлыг илэрхийлээгүй” гэсэн байна.

Европын Холбооны далбааны цайвар хөх өнгө нь анх тавдугаар зуунд Есүс Христийн эх гэгээн Мариягийн албан ёсны бэлгэдэл болж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian