Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Пүрэвхүү: Цөлжилтийг бууруулах энэ ажлыг ядуурлыг бууруулах ажил гэж ойлгож болно

Б.Оюунчимэг, iKon.mn
2021 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүүгээс мод тарих хөдөлгөөн болон зорилтуудын талаар зарим зүйлийг тодрууллаа.

- Тэрбум мод хөдөлгөөн өрнөснөөс хойш хэчнээн байгууллага хэдий хэмжээний суулгац тариад байгаа вэ?

- Аравдугаар сарын 4-нөөс эхэлсэн тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн үргэлжилж байна. Уг төсөл 2030 он хүртэл хэрэгжинэ. Өнөөдрийг хүртэл уг хөдөлгөөнд 300 орчим иргэн, ААН, компани нэгдээд байна. Өөр олон байгууллага хөдөлгөөнд оролцохыг хүссэн ч цар тахал болон тарих хугацаатай холбогдуулан тоог хязгаарлсан.

Суулгацын тооны хувьд 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд явагдаж байгаа болохоор нэгдсэн мэдээллээ авч амжаагүй байна. Ирэх долоо хоногоос тоогоо гаргачих болов уу.

- Энэ төслийн гол ач холбогдол болон судалгаа шинжилгээ хэрхэн хийгдсэн талаар мэдээлэл өгнө үү?

Тэрбум мод төслийн гол ач холбогдол нь хөдөө орон нутаг дахь ядуурлыг бууруулах. БНХАУ 1962-1978 оныг хүртэл мод тарих ажил явуулж байгаад энэхүү ажлаа урт хугацаанд хэрхэн явуулбал үр дүнтэй байхыг эрэлхийлсний эцэст эдийн засагтайгаа уясан бодлого хэрэгжүүлсэн байдаг.

Бидний хувьд гаднын улс орнуудын туршлагыг судалж эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэх шийдэлд хүрсэн. Зөвхөн мод тарихгүй. Иргэдэд зорилгоо илэрхийлэх үүднээс нэг тэрбум мод тарих тоог тавьсан хэдий ч гол концепц нь агро ойжуулалтыг хөгжүүлэхийг хүсэж байгаа.

Энэ нь говь, хангайн бүсүүдэд ойн зурвасаа бариад хүнсний ногоо тарина гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл талбайдаа ойн зурвас байгуулаад дотор талд нь хүнсний ногоо, эмийн ургамал, малын тэжээл, жимс, жимсгэнэ тарина. 

Говийн болон хээрийн бүсэд тарьсан жимсний ногоо халуун нар, усны онцлогоос шалтгаалаад илүү шим тэжээлтэй ургадаг байна. Ингэснээр органик бүтээгдэхүүнийг гадаад руу экспортолж, дотоод зах зээлээ хангахад чиглэгдэнэ. Хөдөө орон нутагт ажлын байр болон хүмүүсийн иддэг хүнсний ногоо, жимс жимсгэний төрөл зүйл нэмэгдэх, ядуурлыг бууруулах зорилт дагалдаж байгаа юм. Орон нутагт бий болох ажлын байр дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь түлхүү өснө гэж харж байгаа.

Цөлжилт ядуурал хоёр байнгын уялдаатай. Цөлжсөн газар нутагт хөрс нь шим тэжээлгүй болоод иргэд нь нүүж, газар нутаг эзэнгүйддэг. Үүнийг дагаад ядуурал бий болдог. Тийм учраас цөлжилтийг бууруулах энэ ажлыг ядуурлыг бууруулах ажил гэж ойлгож болно. 

Мод тарихдаа дэлхийд хөгжчихөөд байгаа механикжсан ойн технологийг нэвтрүүлнэ. 

Механикжсан ойн технологийг нэвтрүүлсэнээр одоо байгаа хүчин чадал, хурдыг дор хаяж 4-10 дахин нэмэгдүүлнэ. Үүнд үндэслэж тэрбум мод тарих тоо гарч ирсэн. Одоо бид бүх юмыг гараараа хийж байна. Салбар маань яалт ч гүй хоцрогдчихсон, санхүүжилт тогтвортой бус байна. Жилийн төсөв нь нэмээд, нэмээд хоёр тэрбум орчим төгрөг зарцуулагддаг. Гэтэл агаарын бохирдолд 70 тэрбум төгрөг зарцуулагдаж байх жишээтэй.

Байгаль орчны салбар дахь санхүүжилтийг олон улсын байгууллагуудаас босгоод явахад хөдөө орон нутагт хөгжил их ирнэ гэж бодож байгаа.

Хамгийн гол нь хөдөө орон нутгийн малчин болон төв суурин газарт амьдарч буй иргэдийг мод, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, малын тэжээл тарьдаг болгон, өөрчилнө. Энэ нь маш том ахуйн болон соёлын хувьсал болно. Ирэх хоёр жилийн турш энэ талаар сургалтын хөтөлбөр явуулна. Сургалтын хөтөлбөрөө МУИС, ШУТИС, ШУА-тай хамтран боловсруулна. 

Байгаль орчны салбарт 700 гаруй боловсон хүчин бэлтгэгдсэн байдаг. Салбар нь хөгжөөгүй учир мэргэжлээрээ ажиллаагүй байдаг юм байна. Эдгээр хүмүүсээ дахин чадавхжуулан сургалтын хөтөлбөрт хамруулаад талбай дээр гаргана.

Түүнчлэн ойн болон усны аж ахуйг бий болгоно. Энэ аж ахуйнууд 1960-аад онд манай улсад байсан. Тийм учраас тэрбум мод тарих ажил бүтэшгүй зүйл биш.

Тэрбум мод тарих ажлын хүрээнд дор хаяж 6,000 ажлын байр гарна. Ажлын бүтээмж нэмэгдэж байж мод тарих ажил хийгдэнэ, энэ нь эдийн засагтайгаа уялдаж явна. Тухайлбал үүнийг дагаад органик бүтээгдэхүүнд тавигдах стандарт чангарна.

Мөн ногооны зоорь, хүлэмж, усалгааны систем, усан сан, хөвд, цөөрөм байгуулах бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Эдгээр бэлтгэл ажил эхний хоёр жилд хийгдэж байж, гурав дахь жилээсээ суулгацаа талбай руу гаргах юм.

- Энэ өдрүүдэд тарьж буй модны суулгацуудаа хаанаас авдаг вэ?

- Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд үрээр нь тарьж ургуулсан суулгац, үрсэлгээг авчирч суулгаж байгаа. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн хөгжил судалгааны төв гэж байдаг. Энэ судалгааны төв жил болгон шинэ сортын ургамал, мод гаргах ажлыг хийдэг. Модны суулгацаа энэ төвөөс авч байгаа юм.

Мөн стандартад нийцдэг, шаардлага хангасан хувийн мод үржүүлгийн компаниудын зарим суулгац бий. Гэхдээ мод тарих хөдөлгөөнд оролцож буй ААН-үүд төлбөртэй зарагдаж буй суулгацыг авах нь бага байна.

Суулгац гэдэг бол мод үржүүлгийн салбарынхны олон жилийн хүч хөдөлмөр шингэсэн, хөрөнгө мөнгө зарцуулсан үнэ цэнтэй зүйл гэдгийг ойлгоно байх. 2-3 настай модыг суулгаж, усалсаар байгаад 10 жилийн дараа саглагар сайхан мод болдог. Хөдөлгөөний хүрээнд энэ л зарчмаар явж байгаа.

Ойгоос мод сугалж авчирч суулгаж байгаа зүйл байхгүй.

Нийслэлийн Дамбадаржаа хэсэгт 1960-аад оноос эхлэлтэй диндрелогийн хэсэгт хувийн болон улсын мод үржүүлгийн төвүүд байдаг. Тухайлбал "Төгөл" ХХК-ийг ажиллуулдаг ойчны хашаанд 15 сая модны үрсэлгээ байна. Орон нутагт мөн адил.

Иргэд, нөхөрлөл, ТББ, компаниуд нийлсэн 1,900 мод үржүүлгийн газар байдаг. Байгаль орчны салбар олон жилийн түүхтэй, тодорхой чадвартай, эрдэм шинжилгээний суурьтай салбар. Зөвхөн санхүүжилт, төрийн тогтвортой байдлаар дэмжих ажлууд хангалттай байгаагүй учир орхигдсоор ирсэн.

КОВИД-ыг дуусахаар тэрбум мод тарих ажлыг эхлүүлэх гэхээр, хэзээ дуусах нь тодорхойгүй байхад хойш тавьж болохгүй байсан юм. Хоёр жил бэлтгэл ажлаа хийгээд таван жил модоо арчлахад бид 2027 онд тарьж, ургуулсан моднуудаа хүлээлгэн өгнө.

Бидний хамгийн гол анхаарч байгаа зүйл бол агро ойн паркийг хөгжүүлэх. Дээрээс нь шар шороон шуургыг бууруулах үүднээс Монголын салхины коридорыг дагуулсан ойн бүсийг байгуулах ажил яригдаж байгаа. Энэ нь маш их сорилттой. Тэнд мод тариад бүрэн ургуулж чадах нь эрдэм шинжилгээний судалгаа, хөгжүүлэлт, туршилтын дүнгээр хийгдэх ажил. Гэхдээ манай 20 гаруй эрдэмтэн судалгаа хийсний дүнд чадах юм байна гэдгийг тодорхойлсон.

-Салхины коридорыг дагуулсан ойн бүсийг аль, аль аймгуудад байгуулах юм бол?

- Бид энэ асуудалд илүү их анхаарна. Салхины коридорыг дагуулсан ойн бүсийг Баянхонгор, Дорноговь, Говьсүмбэр аймгийг тойрсон хэсэгт байгуулна. Монголд цөлжилтөөс үүдэн салхи үүссэнээс хойш 14 хоногийн дараа БНХАУ, БНСУ, Япон руу нэг сарын дараа АНУ-ын Коларадо мужийн ХАА-н гол талбай руу хүрч, жилдээ 400 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учруулдаг байна.

Манай улсын хувьд эдийн засгийн болон эрүүл мэндийн, экологийн хохирол үүсгэдэг.

Говьд шар шороон шуурга, цөлжилтөөс шалтгаалаад халуун байдаг тул цагаасаа эрт нас баралт гарч буйг  Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд судалсан байсан. Зөвхөн мод тарих гэхгүй энэ асуудлыг бид ярих ёстой.

- Ярилцсанд баярлалаа