Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нээлттэй зах зээлийн зүрхний цохилт

ikon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Манай улсын ДНБ-ий өсөлт 2011 онд 11.5 хувьд хүрч дэлхий нийтийг алмайруулсан. Үүнийг одоо ч бахархан ярьдаг хүмүүс бий. Гэхдээ бахархал гэхээс илүү сургамж өгсөн гэвэл үнэнд арай дөхүү. Дэлхийд цойлсон тэр их өсөлт бол 2009 оны аравдугаар сарын 6-нд үзэглэсэн Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын үр дүн байсан юм. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт нь манай улсад 2010-2013 онд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 54 хувийг бүрдүүлж байсныг Монголбанкны эдийн засагчид тооцжээ. Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто групп хоорондын стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй эл аварга төслийг үзэглэж, хаялгыг нь мэдрэх хүртлээ манай улс хөрөнгө оруулалтын ямар орчинтойгоо олж хараагүй байсан болов уу. 

Нээлттэй эдийн засаг болох шилжилтийн хүрээнд 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль баталснаар манай гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын урсгал ч хурдасч байв. Хэдийгээр энэ хугацаанд компанийн тоо тасралтгүй нэмэгдэж байсан ч гадаадын хөрөнгө оруулалт татсан том хэмжээний компани байгаагүй юм.

Жилд дунджаар 10 сая, хамгийн ихдээ 25-30 сая ам.доллар л гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэг байв. Энэ үед Монгол Улс экспортын болоод татварын орлогогүй үндсэндээ гадаадын зээл тусламжаар л төрийн албан хаагчдын цалинг тавьж, цахилгаан станцууд, цэцэрлэг, сургуулиа бусад улсын засгийн газар, донор байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар л аргацаасаар 2000 он гарав.

Харин 2000-аад оны дунд үеэс олон улсын зах зээл дээр уул уурхайн түүхий эд, эрдсийн үнэ нэмэгдэж, хайгуул, олборлолтын бизнес цэцэглэж эхлэх хүртэл Монгол Улс дэлхий нийтийн анхаарлыг төдий л татаагүй.

 

2005-2008 онд манай улсад дунджаар 5636 гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлж, байршсан ч хөрөнгө оруулалтын хэмжээнд мэдэгдэм ахиц гараагүй л байлаа. 

Дэлхийн улс орнуудад орж буй шууд хөрөнгө оруулалтын урсгал нь 2000 оноос хойш өсөж бүтцийн хувьд өөрчлөгдөж эхлэв. НҮБ-ын Худалдаа ба Хөгжлийн асуудлаарх Бага хурал болох UNCTAD (United Nations Conference on Trade and Development)-ын тайланд тэмдэглэснээр 2000 онд нийт хөрөнгө оруулалтын урсгалын 12 хувь нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засгуудад ногдож байсан бол 2012 онд 35 хувь болж нэмэгджээ. Энэ урсгалаас манай улс 2011, 2012 онд хамгийн их мөнгөн дүнтэй хөрөнгө оруулалт татахад Оюу толгой төсөл жин дарсан юм. 

1993 онд баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар эдийн засагч С.Жавхланбаатар нээлттэй бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын гурван суурь зарчмыг боловсруулж, тэрхүү хуульд тусгасныг онцлов. Тэрбээр “Нээлттэй улс болсноор бид дэлхийн 200 орчим улстай өрсөлдөх учраас дотоод хөрөнгө оруулагчид давуу эрх олгох замаар гадаадын хөрөнгө оруулагчийг ялгаварлаж болохгүй гэдэг нь хуулийн суурь зарчим. Мөн хөрөнгө оруулагчид шүүхийн өмнө эрх тэгш байх, мөнгөө ямар ч валютад хөрвүүлээд чөлөөтэй буцаагаад гаргах бололцоог нь бүрдүүлсэн. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтын олон улсад үйлчилдэг зарчмыг хуульчилж, суурь орчныг бүрдүүлсэн маш том алхам болсон” гэв. 

 

Энэ эрчимтэй урсгалыг дагаад уул уурхайн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн хууль бус олголт, наймаа ч эрчимтэй өрнөсөн. Энэ их замбараагүй байдлыг дагаж байгаль орчны асуудал, үндсэрхэг үзэл газар авч эхэлсэн нь төр засаг, шийдвэр гаргагчдын өмнө тулгамдсан нэг сорилт байв. Гэхдээ хамгийн том сорилт нь асар их мөнгөний урсгалыг дагаж орж ирсэн “Голланд өвчин” байлаа. Оргил үедээ 4.2 тэрбумд ам.долларт хүрсэн тэр их орлогыг шингээх потенциал эдийн засагт байгаагүй учраас үүнийг дагаад бусад салбарт илүүдэл эрэлт үүсч, Засгийн газар төсвийн зардлаа замбараагүй тэлж, халамжийн бодлого газар авч улмаар өндөр инфляцын шалтгаан болсон гэж үздэг.

Их мөнгөөр цутгуулсан тэр цаг хугацаа удаан үргэлжилсэнгүй. Оюу толгой төслийн эхний шатны хөрөнгө оруулалтын ажил дуусах шатандаа орж байсан тул хөрөнгө оруулалт нь 2013 оноос эрс буурав. Бас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ 2012 оноос суларсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг буурууллаа. Манай эдийн засаг хэдийнэ гадаад орчноос дэндүү их хамааралтай болж, бид өөрсдөө залуурдах боломжгүй болсныг макро тоонууд харуулж байлаа. Гэхдээ үүнийг эрх баригчид төдий л анзаарсангүй. Хөрөнгө оруулалтын бодлогодоо улс төрийн алдаа гаргасан нь саарч буй хөрөнгө оруулалтыг бүр ч зогсоох нь тэр. 2012 оны тавдугаар сард буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн олон нийтийн дунд үндэсний аюулгүй байдал болоод гадаадын хөрөнгө оруулалтын оролцооны талаар маргаан, мэтгэлцээн өрнөсөн юм.

Тухайн үед уул уурхайн салбарт хийгдэх гэж байсан гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох үүднээс Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ олон нийтээр хэлэлцүүлэлгүй баталсан. Уг хуульд “стратегийн” (уул уурхай, банк санхүү, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл) салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хувийн болон төрийн өмчит гадаадын хуулийн этгээд Монгол Улсын Засгийн газраас, мөн тухайн аж ахуйн нэгжийн нийт хувьцааны 49-өөс дээш хувийг гадаадын хуулийн этгээд эзэмшихээр бол УИХ-аас тус тус зөвшөөрөл авахаар тусгагдсан байв. 

 

Дээрх хууль нь асуудлын гогцоо болсон холбогдох компанийг худалдан авах үйл ажиллагааг зогсоосон боловч Монгол Улсын эдийн засагт орж ирэхээр зэхэж байсан бусад хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүдийг царцаахад хүргэсэн. Уг хууль хөрөнгө оруулагчдын дунд тодорхой бус байдал бий болгон Монгол Улсад итгэх итгэлийг сулруулахад нөлөөлсөн гэж үздэг юм. Үүний дараахан Дэлхийн банкнаас хөрөнгө оруулагчдын дунд судалгаа явуулахад компаниудын 80 орчим хувь нь хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах баталгаа байхгүйн улмаас эрсдэлд орсон гэж хариулсан байна. Улмаар нийт 1.9 тэрбум ам.доллар буюу нийт оруулсан хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь эрсдэлд учирсан хэмээжээ. Хөрөнгө оруулагчдыг үргээсэн тэрхүү хуулийг зургаан сарын дараа цуцалсан юм. 

Оронд нь 1993 онд баталсан хуулиа улам чамбайруулж, Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль батлав. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль нь хөрөнгө оруулалтын суурь зарчмыг хангаж байсан бол энэ удаад өнгөрснөөсөө сургамж авч уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, төвлөрлөөс сэргийлж бүсчилсэн хөгжлийг бий болгох, нэгэнт хөрөнгөө оруулаад ирсэн хөрөнгө оруулагчийг бизнесээ эрсдэлгүй явуулахад нь илүү анхаарсан байна. Уг хуультай зэрэгцээд татвар болоод гааль тарифын, оюуны өмчийн, ашигт малтмалын тухай зэрэг холбогдох бусад хуульдаа зохицуулалт оруулсан байдаг. Харамсалтай нь үйл явц удаан байгаагаас бодит үр өгөөжийг нь мэдэрч чадахгүй байгааг эдийн засагч С.Жавхланбаатар учирласан юм. Жишээ нь, татварын багц хуультай уялдуулсан зохицуулалт 2020 оноос л хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Монгол Улс хөрөнгө оруулагчдаа хуулиас гадна хөрөнгө оруулалтын тусгайлсан гэрээгээр дэмждэг. Мөн шинэ хуулиар татварын тогтворжуулах гэрчилгээ олгодог болсон. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” тайланд тусгасан асуудлуудаас гадна маргаан шийдвэрлэх явцаа хурдасгаж, хөрөнгө оруулалт татах стратегийн салбаруудаа тодорхойлох хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Хөрөнгө оруулагчид ч маш тодорхой байх шаардлага тавьдаг. “Хан Ресурс”-ын 70 сая ам.доллар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 112 сая ам.доллартай холбоотой маргаан гээд олон улсын арбитрт очсон тухай мэдээлэл манай улсын хөрөнгө оруулалтын орчны талаар сөрөг ойлголт хөрөнгө оруулагчдад өгч, хөгжлөөс хойш чангаадаг гашуун түүх бий. 

30 жилийн алсаас эргээд харахад гадаадын хөрөнгө оруулалтын ачаар хөгжилд түүчээлж буй жишээ олон. Тухайлбал, Японы хөрөнгө оруулалтаар бий болсон “Говь” ХК дэлхий нийтэд монгол ноолуурын чанарыг таниулсан. Мөн “Мобиком корпораци” орчин үеийн харилцаа холбооны салбарт салхи хагалснаар үүрэн холбооны оператор компаниуд мэндэлж, Монгол Улсын харилцаа холбооны дэд бүтэц дэлхийн жишигт хүрсэн түүхтэй. 

Өдгөө гадаадын мөнгөн урсгалыг татахын тулд улс орон бүр өөр өөрийн онцлогт тохирсон бодлого боловсруулж, түүнийг хөгжлийнхөө гол түлхүүр болгож байна. Хятад, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур зэрэг улс орнууд ийм л жишгээр өнөөгийн өндөрлөгт цойлсон. Эрдэм шинжилгээ, инновацад бага мөнгө зарцуулдаг манай улс гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулан менежментийн туршлага, мэдлэг, ур чадвар, шинэ технологийг өвөртлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар ахин үүцээ нээж, дараагийн том уурхай ашиглалтад орлоо гэхэд Канад, Австрали, Америкаас мэргэжилтэн авчрах шаардлагагүй болж байна гэж ойлгож болох юм. Энэ бол мөнгөөр хэмжих аргагүй хамгийн том хөрөнгө оруулалт билээ.

Энэ бүх тоо баримт, түүхэн сургамжуудыг нэгтгээд харвал гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг Монгол шиг жижиг бөгөөд нээлттэй, аж үйлдвэр хөгжөөгүй, экспортын солонгорол муутай орны хувьд эдийн засгийг нь тэтгэх зүрхний цохилт лугаа юм.

 

Эх сурвалж: Mongolian Economy