Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д Covid-19 өвчнөөр нэг өдөрт нас барсан хүний тоо 1,000-ыг давлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн Дельта хувилбар тархаад буй АНУ-д Мягмар гарагт 1,017 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь цаг тутамд 42 хүн эндсэн үзүүлэлт болжээ. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард өдөрт 1,000 гаруй хүн коронавирусийн халдварын улмаас нас барж байв.

Сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт дунджаар 769 хүн нас барсан нь энэ оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлт болсон байна.

Вирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор нисэх онгоц, галт тэрэг, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүдээр заавал амны хаалттай зорчих журмыг ирэх оны нэгдүгээр сарын дунд хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Жо Байдены засаг захиргаа Мягмар гарагийн орой мэдэгдсэн юм.

АНУ-д цар тахал эхэлсэн цагаас хойш нийт 623,000 орчим хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь дэлхийн аль ч улсад бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болж байна.

Дельта хувилбарын тархалттай зэрэгцэн АНУ-ын эрх баригчид хүн амын вакцинжуулалтыг хурдасгах арга хэмжээ авч эхлээд байгаа. Үүний үр дүнд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд вакцинжуулалтын хурд 14 хувиар өссөн байна.

Тус улсын засгийн газар, хувийн компаниуд эхэндээ вакцинжуулалтад шинээр хамрагдсан хүмүүсийг янз бүрийн аргаар урамшуулж байсан бол Дельта хувилбарын тархалт эрчимжсэнтэй холбоотойгоор албадлагын арга хэмжээ авч эхэлжээ.

Тухайлбал ажлын байрандаа үлдэхийн тулд вакцинжуулалтад заавал хамрагдсан байх шаардлага тавигдаж эхэлсэн юм.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд АНУ даяар эмнэлэгт хүргэгдсэн Covid-19 өвчтөний тоо 70 хувиар өссөн нь тус улсын эрүүл мэндийн системд томоохон дарамт үүсгэж байна.

Энэ хугацаанд өдөрт дунджаар 100,000 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж байсан нь сүүлийн зургаан сарын хамгийн өндөр өсөлт болжээ.

Энэ удаагийн давалгааны гол төв нь АНУ-ын өмнөд мужууд болж байна. Тухайлбал Флоридад өнгөрсөн долоо хоногт 26,000 халдварын шинэ тохиолдол нэмэгджээ.

Техас мужийн захирагч Грэг Эббот коронавирусийн халдвар авснаа Мягмар гарагт зарласан байна. Тус муж халдварын өсөлтөөр АНУ-д дөрөвт бичигдэж байгаа.

Эббот нь цар тахал эхэлсэн цагаас хойш коронавирусийн халдвар авсан 11 дэх мужийн захирагч болжээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард вакцинжуулалтад хамрагдаж байсан юм.

Техас мужид Мягмар гарагийн байдлаар 12,200 гаруй Covid-19 өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтэж байгаа нь энэ оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Reuters