Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬ: Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг баярын, амралтын өдөр ажиллуулахыг хориглоно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөдөлмөрийн хуулийг өргөн барьснаас хойш гурван жилийн дараа буюу энэ оны долдугаар сарын 2-нд УИХ эцэслэн батласан. 13 бүлэг, 166 зүйлтэй уг хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.

Ингээд хуулийн зарим зүйл заалтуудыг онцлон хүргэж байна. 

Хөдөлмөрийн тухай хуульд ажилласан жил харгалзахгүй амралтын хугацааг 20 хоног болгохгүй, хуучнаар буюу 15 хоногоор үлдээх, уурхайн ажилчид 14/14 гэсэн уртын ээлжээр ажиллах өөрчлөлтийг оруулаад буй. 

3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа хүн гэрээсээ ажиллах боломжтой

Нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхийн аль нэг нь хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаагаар дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөө олгох талаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. 

Тус хуулиар жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсвэл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцох боломжтой болсон. 

Түүнчлэн жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг шөнийн буюу илүү цагаар, нийтээр амрах болон долоо хоногийн амралтын өдөр, албан томилолтоор ажиллуулахыг хориглосон байна.

Шинээр төрсөн хүүхдээ асрахад зориулж аавуудад ажлын 10-аас доошгүй өдрийн цалинтай чөлөө олгох талаар хуульд тусгажээ. 

Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна

Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчинтай холбоотой харилцааг зохицуулах заалтыг шинээр нэмсэн. 

Тодруулбал, ажил олгогч нь туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай энэ хуульд заасан шаардлагад нийцсэн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.

Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно гэж тусгажээ. 

Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг баярын, амралтын өдөр ажиллуулахыг хориглоно

  • Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажилд орох үедээ боловсрол,  ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.
  • Насанд хүрээгүй хүнийг уртын ээлжээр ажиллуулахыг хориглоно.
  • Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын нийтлэг үйлчилгээ, тээвэр, холбооны болон зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх, энэ хуулийн 91.2-т зааснаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно.
  • Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй, эсхүл 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно.

Бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо дээд шатны байгууллагад гаргана

Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол, түүнийг шийдвэрлэх арга замыг Хөдөлмөрийн тухай хуульд нарийвчлан тусгажээ. Тодруулбал, ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийг үл тэвчих агуулгыг хуульд оруулсан байна. 

  • Ажлын байрны орчин гэдэгт тухайн ажлын байрны орчин байхаас гадна томилолтоор явж байгаа, ажлын унаагаар ажилдаа ирж очих цаг хугацаа, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалгын цаг хугацаа зэрэг орно.  
  • Бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх,  хууль хяналтын,  хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно. 
  • Гомдлыг хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр, хаяг, харилцах утас, цахим шуудангийн хаягийг ажил олгогч нийт ажилтанд харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. 
  • Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

Шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн хуультай ЭНД дарж танилцана уу.