Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Балсандорж: Цагдаа нь машиндаа чирч суулгачхаад шаардлага биелүүлээгүй гэсэн буруу мэдээллийг нийгэмд өгсөнд гомдолтой байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шөнийн цагаар байрны гадаа сагс тоглож байсан залуусын гаргасан үйлдлийг баримтжуулан, Зөрчил шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тухай Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Гэвч уг тайлбарт дурдагдсан зарим зүйлийг тухайн үед хамт байсан залуучуудын төлөөлөл үгүйсгэсэн юм. 

Иймд бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс тухайн үед сагс тоглож байсан 21 настай иргэн Г.Балсандоржтой холбогдож дараах тодруулгыг авлаа. 

Тэрбээр "Долдугаар сарын 18-ны 23:00 цаг өнгөрч байхад энэ явдал болсон. Цагдаагийн байгууллагаас олон нийтэд өгсөн мэдээлэлдээ шөнийн 01:00 цаг гээд буруу мэдээлсэн байсан. 

Сагс тоглож байсан залуучууд бүгд 20 настай биш, 16-21 насны 7-8 хүн байсан. Баривчлагдсан хүнийх нь нэг нь би өөрөө юм.

Тухайн үед цагдаагийн алба хаагч хүрч ирээд "Тараарай" гэхээр нь бид “за тарлаа” гэтэл "Бөмбөгөө аваад ир" гэсэн.

Хариуд нь би бөмбөгөө өгөхгүй гэтэл "Ахын дүү яаж яриад байна аа, шаардлага биелүүлэхгүй байна, чи зөрчил гаргасан" гэсэн. Бид тарлаа гэхэд өөрсдөө зууралдаж, барьцалдаж, шаардлага биелүүлэхгүй байна гэж байгаа нь эхний бичлэг дээр бий.

Цагдаагаас холдоод цааш явах гэхэд цагдаагийн машинаас өөр нэг цагдаа бууж ирээд татаж чангаагаад, цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй гэж гавлан, дээрэнгүй хандсан.

Түүнээс биш оршин суугч бидэнд шаардлага тавьсан асуудал байгаагүй. Өмнө нь бидний тоглох үед оршин суугчдаас чимээгүй бай, боль гэвэл больчихдог байсан. Өдөр халуун болохоор ихэвчлэн орой л тоглодог. Мөн бидний дунд Г-ээр эхэлсэн нэртэй хүн байгаагүй. Цагдаагийн байгууллагаас биднийг “Чамд хамаагүй, тогломоор байна” гэж хэлсэн мэт ойлголтыг олон нийтэд өгсөн байна.

Ямар ч тийм үйлдэл гаргаагүй байхад хүн гүтгэж, эрх мэдлээрээ далайлган нэр төрд халдаж байна. Дөнгөж сая 20 минутын өмнө мэдүүлэг өгч дууслаа. Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй гээд 250 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэсэн. Гэхдээ тэрийг нь би хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ хэлсэн. Гол нь тэр цагдаа нь өөрөө надтай зууралдаж явуулахгүй байснаа машиндаа чирч суулгачхаад цагдаагийн шаардлага биелүүлээгүй гээд байгаа юм. Энэ үеийн бичлэг надад бас байгаа. Нийгэмд буруу ташаа мэдээлэл өгсөн тул цагдаад гомдол гаргах бодолтой байна" гэлээ.