Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хаити улсын ерөнхийлөгч гэртээ алагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагийн шөнө үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд Хаити улсын ерөнхийлөгч Жовенел Мойсег нийслэл хот дахь гэрт нь буудан хөнөөжээ.

Энэхүү халдлагын үеэр тэргүүн хатагтай шархдаж, АНУ-ын Флоридад эмчлүүлэхээр хүргэгдсэн байна. Хаити улсын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозеф улс орондоо онц байдал зарлажээ.

Мойсе нь дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Хаитиг 2017 оноос хойш удирдаж байгаа юм. Тус улсад төрийн эргэлт, улс төрийн тогтворгүй байдал, аллага хүчирхийлэл тасардаггүй.

 

Аллагыг үйлдсэн этгээдүүд хоорондоо Англи, Испани хэлээр харилцаж байсан тул тэднийг гадаадын мэргэжлийн алуурчид гэж таамаглаж байгаагаа Клод Жозеф мэдэгджээ.

Карибын тэнгисийн арал улс Хаитид франц болон нутгийн креол хэлүүд албан ёсны хэлд тооцогддог.

Зэвсэгт этгээдүүд нь бас АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны (DEA) нэрийг барьж ерөнхийлөгчийн ордонд нэвтэрсэн гэсэн мэдээлэл гараад байна.

АНУ дахь Хаити улсын элчин сайд Бокит Эдмонд уг аллагад DEA-гийн хүмүүс оролцсон гэдэгт итгэхгүй байгаагаа мэдэгджээ. Тэрбээр алуурчдыг олж тогтооход тусламж үзүүлэхийг АНУ-ын засаг захиргаанаас хүссэн байна.

Хаити даяар олон хүн цугларахыг хориглож, зэвсэгт хүчнийг нийгмийн дэг журам сахиулах ажиллагаанд дайчилсан байна. Гэхдээ ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозефт хэр их эрх мэдэл байгаа нь эргэлзээтэй юм.

Ерөнхийлөгч Мойсе энэ долоо хоногийн эхээр шинэ ерөнхий сайдад Ариел Анригийн нэрийг дэвшүүлээд байв. Хаити улсын үндсэн хуулиар бол ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдол дараагийн сонгууль хүртэл ерөнхий сайд тэргүүтэй засгийн газарт төрийн эрх шилждэг.

АНУ-ын засаг захиргаа ерөнхийлөгч алагдсанд эмгэнэл илэрхийлээд сонгуулийг энэ онд багтаан явуулж, эрх мэдлийг тайван замаар шилжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

АНУ нь сүүлийн 50 жилийн турш Хаити улсын хамгийн том хандивлагч болж байгаа. Өмнөд Америкийн орнуудаас ирдэг хар тамхины урсгалыг таслан зогсоохын тулд Цагаан ордон Хаитигийн эрх баригчидтай хамтран ажиллаж, заримдаа дотоод улс төрийн амьдралд нь нэлээд хутгалддаг.

Аллага гарсны дараа Хаититай нэг арал дээр оршдог хөрш Доминиканы Бүгд Найрамдах Улс хилээ хаасан байна.

53 настай Жовенел Мойсегийн ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаа маш хүнд хэцүү нөхцөлд өнгөрсөн юм. Авлига, албан тушаалын гэмт хэргүүд газар авч, нийслэл Порт О Пренс хотод иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаан тасрахгүй байв.

Энэ оны хоёрдугаар сард сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулахыг шаардаж, Мойсе өөрийнх нь амийг хөнөөх оролдлогыг илрүүлснээ зарлаж байжээ.

Хаити улсын 11 сая хүн амын 60 орчим хувь ядуурлын түвшинд амьдардаг. 2010 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 200,000 орчим хүн амь үрэгдэж, эдийн засаг, дэд бүтэц нь ихээр сүйдсэн юм.

2004 оноос хойш Хаитид байрлаж байсан НҮБ-ын энхийг сахиулагчид 2017 онд гарч явсан ч нөхцөл байдал сайжрах төлөв харагдахгүй байна.

 

Эх сурвалж: BBC