Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ шинэ нисэх онгоц тээвэрлэгчийнхээ тэсвэрлэх чадварыг туршжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зэвсэгт хүчин одоо үйлдвэрлэж буй хамгийн орчин үеийн нисэх онгоц тээвэрлэгч хөлгийнхөө тэсвэрлэх чадварыг шалгах цуврал туршилтыг эхлүүлжээ.

“Full Ship Shock Trials” нэртэй туршилтуудын эхнийхийг Баасан гарагт Флоридагийн эргээс холгүй Атлантын далайн усанд зохион байгуулсан байна.

Хэвлэлүүдэд тараасан зураг, видео бичлэгт USS Gerald R. Ford тээвэрлэгчийн дэргэд хүчтэй бөмбөг дэлбэлж, тулааны үеийн нөхцөл байдлыг зохиомлоор үүсгэж буйг харуулжээ.

Дэлбэрэлтийн үеэр тухайн газарт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэнийг АНУ-ын Геологийн Судалгааны Хүрээлэн мэдээлсэн байна.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүч өмнө нь янз бүрийн хөлгүүд дээр ийм туршилт зохион байгуулж байсан ч нисэх онгоц тээвэрлэгч дээр 1987 оноос хойш анх удаа зохион байгуулсан нь энэ юм.

Туршилтыг зохион байгуулахдаа далайн амьтдын шилжилт хөдөлгөөнийг тооцоолж, байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлэхээр зохион байгуулсныг мэдээлжээ.

АНУ-ын тэнгисийн цэргийн хүч 2024 онд Форд ангиллын дөрвөн хөлгийг үйлдвэрээс нь хүлээж авах юм. Үүнд USS Gerald R. Ford, USS John F. Kennedy, USS Enterprise, USS Doris Miller нэртэй тээвэрлэгч хөлгүүд багтаж байна.

 

Эх сурвалж: AFP