Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөшигийн хөндийн хурдны зам хагарсныг засварлаж байна. Гүйцэтгэгч компани хариуцна"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс анхны буюу Хөшигийн хөндийн хурдны замыг ашиглалтад авсан цаг саяхан. 

Гэтэл тус замаар автомашин явж эхлээгүй байхад цуурч эхэлсэн асуудал олон нүүтийн шүүмжлэлийг дагуулж байна. 

Уг асуудалтай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас яг одоо мэдээлэл өгч байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/222380852788088

ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загдраднаа "Улаанбаатараас Хөшигийн хөндий чиглэлийн 32.2 км-ийн зам БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 2015 оны 9 сард гэрээ байгуулагдаад 2016 онд барилгын ажил эхэлсэн. 2019 оны есдүгээр сард ашиглалтад орсон бөгөөд цар тахалтай холбоотойгоор энэ зам ашиглагдаагүй.

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал нь замын дагуу хагарал гарсан. Замын ирмэгээс 3.5 метрт 115 метр орчим дагуу хагарал үүссэн. Энэ нь зам барилгын ажил буюу технологитой холбоотой асуудал. Гүйцэтгэгч болон төслийн зөвлөгч компани газар дээр нь очиж ажилласан бөгөөд холбогдох засварын ажлын төлөвлөгөөг гаргаж ажиллаж байна.

Мөн холбогдох газруудын ажлын хэсэг байгуулагдаад дүгнэлтээ боловсруулж байна. Ойрын хугацаанд дүгнэлт гарах бөгөөд засварын ажлыг хийж дуусгана. Урьдчилсан дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна.

Өнгөрсөн жилээс нарийхан хагарал үүссэн байсан. Өнгөрсөн жилээс гүйцэтгэгч компани тухайн үед нь нөхөөс хийж засварласан байсан ч энэ жил хагарлын хэмжээ томорсон байсан. Баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч компани үүнийг хариуцах ёстой. Тус компани хөдөлгөөн нээхээс өмнө засварын ажлыг дуусгахаа мэдэгдсэн” гэв.

Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, 2 урсгал зургаан эгнээтэй. Үндсэндээ 80 см орчим инженерийн хийцтэй даацын үетэй юм. Мөн хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж 2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн байдаг. 

 

 
Гэрэл зургийг Amartuvshin Dorj хаягаас авав