Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товлогдсон бол гадаадад амьдарч буй иргэд тавдугаар сарын 30, 31-нд саналаа өгнө.

Ерөнхийлөгчийн сонгуульд нутаг дэвсгэрийн хувьд Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болох бөгөөд гадаадад амьдарч буй иргэд санал өгдгөөрөө онцлогтой.

Хуульд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх сонирхолтой гадаадад амьдарч буй иргэдийг урьдчилсан бүртгэдэг. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20.1-д "Гадаад улсад байгаа иргэн гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ" хэмээн заажээ. Ийнхүү бүртгүүлсний үндсэн дээр тухайн иргэнийг сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэх юм. 

Тэгвэл хуулийн энэхүү хугацаа хоёр хоногийн дараа дуусгавар болох гэж байна. Өөрөөр хэлбэл, гадаад улсад амьдарч буй иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх бол тавдугаар сарын 9-нөөс өмнө тухайн улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биеэр болон цахимаар хандан бүртгүүлэх шаардлагатай юм байна. 

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дипломат төлөөлөгчийн 45 газраар дамжуулан гадаадын 30 оронд амьдарч буй иргэдээс санал авахаар зохион байгуулж байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. 

Харин өнөөдрийн байдлаар гадаадад амьдарч буй 2,000 гаруй иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлжээ

Энэ нь өмнөх сонгуулийн статистиктай харьцуулахад харьцангуй бага тоо юм. Тодруулбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдардаг 7,209 иргэн санал өгөхөөр бүртгүүлж байжээ.

Үүнээс эхний санал хураалтад 4,764 буюу 66.13 хувь нь оролцсон бол хоёр дахь санал хураалтад 2,676 буюу 37.12 хувь нь санал өгч байв. 

Хоёр дахь санал хураалтад оролцсон гадаадад амьдардаг иргэдийн санал өгсөн байдлыг доорх зургаар харуулав:

 

Гэтэл энэ удаагийн сонгуулиар гадаадад амьдардаг иргэдийг бүртгэх хугацаа хоёр хоногийн дараа дуусах гэж байхад 2,000 гаруйхан иргэн бүртгүүлээд байна. Хуулийн хугацаа дуусах хүртэл энэ тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэх ч өмнөх сонгуульд бүртгүүлсэн иргэдийн тооноос даруй таван мянга орчмоор бага байгаа юм. 

Сонгуульд оролцох иргэдийн идэвх ийнхүү багассанд цар тахлын нөхцөл байдал тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг СЕХ-ноос тайлбарлалаа.