Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

31 тэрбум төгрөгөөр орчноо тохижуулах таны санал: ОНХС

ikon.mn
2021 оны 4 сарын 1
Сурталчилгаа

Амьдралдаа өгч байсан хамгийн үнэтэй санал тань юу вэ? Ингэхэд бид амьдралынхаа турш ямар саналууд өгдөг билээ? Сургуульд ороод хүүхдүүдийн хамгийн анх өгдөг санал нь ангийн даргаа сонгох явдал. Энэ мэтчилэн өөрийнхөө хүслээ илэрхийлж саналаа өгдөг зүйлсийн жагсаалт найзуудаараа хаашаа аялалд явахаас авахуулаад гэрийнхэнтэйгээ хаана хоолонд орох хүртэл уртаас урт үргэлжилнэ. Юу хүсэж буйгаа хэлэхээс нааш бид хүсэл зорилгоо бусдад ойлгуулах боломжгүй тул хаа явсан газраа бид өөрсдийн саналаа ямар нэг хэлбэрээр хэлж байдаг.

Харин насанд хүрмэгцээ бид Монгол Улсын Үндсэн Хуульд заасны дагуу дөрвөн жилд нэг удаа УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд болон өөрсдийгөө төлөөлөх нийслэл, дүүргийнхээ иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцоно. Улс орны хууль дүрмийг батлах төлөөлөгчдөө сонгодог УИХ-ын сонгууль ирээдүй рүү чиглэдэг гэвэл ОНХС-гийн санал асуулга нь одоо цаг дээрх бодит ажлуудад чиглэдэг.  Та хоёрхон минут зарцуулж утаснаасаа өгсөн санал тань ирэх жил бодитоор хэрэгжиж амьдрах орчин тань сайжрах боломжтой юм. Өгсөн санал нь бодит ажил болж хороонд нь хэрэгжсэн иргэд өөрсдийн хүслээрээ амьдрах орчноо сайжруулсандаа нэн баяртай байгаа нь ОНХС-гийн нэг том үр дүн.

Баянзүрх дүүргийн 10-р хорооны 3-р гудамжны үзүүрт гэрийнхээ хажууд баригдсан шинэ худгаас хоёр жаал ус авч гэртээ орно. “Сансар” руу өгсөх замд 7А байрны гадаа нэгэн жаал тоглоомын талбай дээр тоглоно. “Нисэх”-ийн 64 болон 7-р байрны гадаа оршин суугчид ажлаа тараад шинэ машины зогсоол дээр машинаа байрлуулаад гэртээ орно. Энэ бүхэн иргэд саналаа өгч өөрсдөө шийдсэнээр хэрэгжсэн тохижилтын ажлууд юм. Үүнээс өмнө хуучин худаг руу явах гэж хоёр хүүхэд өвлийн хүйтэнд хол зам туулдаг байсан бол, байрны гадаа тоглоомын талбайгүйгээс болж хүүхдүүд хол явж тоглоход эцэг эх нь санаа зовдог байв. Мөн оршин суугчид машинаа байрлуулах зогсоолгүйгээс болж заримдаа машинаа явган хүний зам давж тавих нь энүүхэнд байв. Иргэд ийнхүү саналаа өгдөг болоод долоон жил, утаснаасаа “Smart UB” аппликейшн ашиглаж өгдөг болоод хоёр жил болж байна.

Иргэдийн оролцоотой төсөв төлөвлөх арга анх Бразилд хэрэгжиж байв. 1989 онд Порто Алегре хотын иргэд төрийн шийдвэрт илүү оролцоотой байхыг Засгийн газраасаа шаардаж байсан цаг. Ийнхүү ардчиллын ирмэг дээр байсан, төр засагтаа итгэл алдарч байсан иргэдийн итгэлийг сэргээх болон ил тод байдлыг санал болгох аргаар анх иргэдийн оролцоотой төсөв үүсжээ. Улмаар оршин суугчид хотхондоо усны суваг барих, сургууль цэцэрлэг байгуулах боломжтой болсон юм. Үүнээс хойш 20 жилийн хугацаанд иргэдийн оролцоотой төсвийн үр дүнд Бразилын засаглал сайжирч, иргэдийн оролцоо сайжирч нэмэгдэв. Дэлхийн Банкнаас 1996 онд уг аргачлалыг ардчиллыг шинэчилж сайжруулах шилдэг практик гэж дүгнэснээс хойш дэлхий даяар 2016 он гэхэд 2500 газарт хэрэгжээд байна.

Иргэд хамтарч төсвөө хэрхэн зарцуулахад саналаа өгснөөр оршин суугчдын санал хэрэгжих магадлал нэмэгддэг. СБД-ийн 18-р хороо 1839 өрхтэй. Энэ хавийн зам харгуйн хагас нь шахуу намаг шавартайгаас болж алхаж явахад хүртэл хэцүү байдаг байв. Харин 2019 онд оршин суугчид ОНХС-гийн санал асуулгад явган хүний зам бариулах саналаа идэвхтэй өгснөөр өдгөө оршин суугчид хайрган замаар ажил хичээлдээ явж байна. Мөн энэ онд тэд автобусны буудлаа сайжруулахаар санал нэгдэж 18-аас дээш насны 2300 иргэдийн 90 гаруй хувь нь саналаа цахимаар хэдийн өгөөд байна. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдгийн адил хөршүүдтэйгээ хамтдаа нэг санал өгөх нь ийм үр дүнтэй ч байх боломжтой аж.

СБД-ийн 18-р хорооны иргэдийн 1078 саналын үр дүнд нийтдээ 196.5 сая төгрөгийн шороон замын засварыг ОНХС-гийн хөрөнгөөр хийгдсэн байна. Санал бүрийг мөнгөн дүнгээр хэрэв тооцвол, нэг иргэний санал 185 мянган төгрөг болохоос гадна иргэд нийлж санал өгөөгүй бол уг санал шалгарахгүй ч байх боломжтойг тооцоход нэг хүний санал ч маш үнэ цэнтэй аж. Санал бүрийн цаана хэрэгжих гэрэлтүүлэг, хүүхдийн талбай, цэцэрлэг цаашдаа иргэдийн амьдралыг хэрхэн сайжруулахыг тооцвол нэг санал ямар ч өөрчлөлт авчрах боломжтой. Дахиад асууя. Таны амьдралдаа өгч байсан хамгийн үнэтэй санал юу вэ?

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр таны амьдарч буй хороонд юу хийхийг шийдэх саналаа Smart UB /android, iOS/ аппликейшныг ашиглан өгөөрэй. Таны амьдарч байгаа орчныг та л мэднэ.

 

Сэтгүүлч: Б.Билэгт