Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодын халдварын тохиолдол 8 хоногийн дотор 1,000-аар нэмэгдэж, 4,000-ыг давлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын хүн амын дунд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 4,000-ыг давлаа.

Тодруулбал, коронавируст халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд 100 гаруйгаар нэмэгдсээр байна.

Өөрөөр хэлбэл, Даваагаас Баасан гараг хүртэлх хугацаанд буюу таван өдрийн дотор шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол 697-оор өссөн байна.

Энэ нь дотоодын халдварын тохиолдол найм хоногийн дотор 1,000-аар нэмэгдэж байна гэсэн үг.

Нийт дөрвөн сар гаруйн хугацаанд бүртгэгдэж буй COVID-19-ийн 4,000 гаруй тохиолдлыг 500, 500-аар нь багцалж, хэд хоногийн хугацаанд дотоодын халдвар 500 тохиолдлоор нэмэгдсэнийг тооцоолж үзлээ.

Ингэхэд, хоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар дотоодын халдварын тохиолдол 12 хоногийн хугацаанд 500-аар нэмэгдэж, 1,500-2,000 болж байв.

Тэгвэл өчигдрийн байдлаар /2021.03.19/ дотоодын халдварын тохиолдол ердөө найман хоногийн хугацаанд 1,000-аар нэмэгдэж, 3,000-4,000-д хүрсэн байна.

Дотоодын халдвар 500-аар нэмэгдсэн хугацааг тооцож үзвэл,

  • Эхний 500 тохиолдол 40 өдөрт /дотоодын халдвар нийт 500/
  • Хоёр дахь 500 тохиолдол 27 өдөрт /дотоодын халдвар нийт 1,000/
  • Гурав дахь 500 тохиолдол  22 өдөрт /дотоодын халдвар нийт 1,500/
  • Дөрөв дэх 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар нийт 2,000/
  • Тав дахь 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар нийт 2,500/
  • Зургаа дахь 500 тохиолдол 8 өдөрт /дотоодын халдвар нийт 3,000/
  • Долоо дахь 500 тохиолдол 4 өдөрт /дотоодын халдвар нийт 3,500/
  • Найм дахь 500 тохиолдол 4 өдөрт /дотоодын халдвар нийт 4,000/ болоод байна.

Хэрэв 1,000-аар багцалж үзвэл,

  • Эхний 1,000 тохиолдол 67 хоногт,
  • Хоёр дахь 1,000 тохиолдол 34 хоногт,
  • Гурав дахь 1,000 тохиолдол 20 хоногт,
  • Дөрөв дэх 1,000 тохиолдол ердөө 8 хоногийн хугацаанд бүртгэгджээ. 

Хоёрдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдол 2,000-д хүрч байсан бол түүнээс хойш 19 хоногийн хугацаанд 1,705-аар нэмэгдэж, 3,767 болсон байна.

 

Түүнээс гадна, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 171,535 хүн коронавирусийн вакцины эхний тунг хийлгээд байгаа. Гэсэн хэдий ч вакцины эхний тунг хийлгэснийхээ дараа дэглэмээ сулруулж, халдвар авсан хэд, хэдэн тохиолдол бүртгэгдсэн.

Ийнхүү халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаагийн улмаас эмнэлгийн орны хүрэлцээ муудаж, хөнгөн өвчтөнийг гэрээр эмчилж эхлээд буй.

Мөн шинээр халдвар авсан хүмүүсийг 10 хоног эмчлээд эмнэлгээс гаргаж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэлсэн ч хоногт бүртгэгдэж буй халдварын тоо эмнэлгээс гарч буй хүний тооноос хоёр дахин илүү байгаа юм.

Хэрвээ дотоодын халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, СOVID-19-ийн өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас даваад эхэлбэл бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өчигдөр мэдээлсэн юм.

Иймд дор бүрнээ халдвар хамгааллын дэлгэмээ баримталж, амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна.

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.

Харин халдварын тархалтын тоон болон бусад мэдээллийн ЭНД дарж үзнэ үү.