Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Манай улсад нэг хүн 3-4, зарим тохиолдолд 7-8 хүнд коронавирусийн халдвар тарааж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүмүүсийн хөдөлгөөний хязгаарлалт нь коронавируст халдварыг бууруулах үр дүнтэй арга гэдгийг Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр "Улаанбаатар хотод коронавируст халдварын 12 голомт өндөр идэвхтэй байгаа. Тэдгээр голомтуудыг харвал байгууллага хамт олон, үйлчилгээний газрууд болон гэр бүлийн хүрээнд гарсан байна.

Ингэж халдвар голомтолж гарах нь байгууллагууд халдвар хамгааллын дэглэм мөрдөхгүй байгаатай холбоотой. Мөн иргэд айлд очих, зочин урих зэрэг олныг бөөгнөрүүлж байгаа нь нөлөөлж байна.

Хүний бөөгнөрөл бол өвчлөл нэмэгдэхэд маш их нөлөөлж байгаа.Тухайлбал, хоёр долоо хоногийн өмнө болсон жагсаал цуглаан нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэл болсон.

Хөдөлгөөний хязгаарлалт өвчлөлийг бууруулах үр дүнтэй арга" хэмээн ярив.

"Цагаан сараар ахмадуудаа эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөж байна"

Үргэлжлүүлэн "Дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан нэг хүнд цааш 1-2 хүнд халдварыг дамжуулж байхад манай улсад нэг хүн цааш 3-4 хүнд, зарим тохиолдолд 7-8 хүнд халдвар тарааж байна.

Бүр 25 хүнд ч халдвар дамжуулсан тохиолдол гарсан. Иргэд хөдөлгөөний хязгаарлалт мөрдөхгүй байгаа нь өвчлөл цаашид улам өсөх хандлага үүсгэж байгааг ойлгох хэрэгтэй.

Маш ихээр хүний бөөгнөрөл үүсгэж байгаа нь ирэх 3, 4 дүгээр сард өвчлөл оргил үед хүрч, эрүүл мэндийн байгууллага ачааллаа дийлэхээ больж, эндэгдэл гарах эрсдэл үүсгэж байна.

Тиймээс Шинэ Зеланд улсын хэрэгжүүлдэг бөмбөлгийн зарчмыг баримтлах нь зүйтэй.

Ингэхдээ,

  • Дотоод гадаад орчинд амны хаалт зүүх,
  • Хүн хоорондын зай барих
  • Цахимаар ажиллахыг хэрэгжүүлэх шаардлагатай.

Мөн 60-аас дээш насны хүмүүс коронавирусийн халдвар авахад хамгийн хүнд тусах эрсдэлтэй тул Цагаан сараар ахмадуудаа халамжилж, эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2880847815482155

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.