Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөрийн Үндэсний Нам: МЭДЭГДЭЛ

ikon.mn
2021 оны 2 сарын 1
iKon.MN
 

Оюу Толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг нь Санхүү эдийн засаг, Геологи уул уурхай, Хууль эрх зүй гэсэн 3 дэд хэсгүүдээс бүрдэж байгаа бөгөөд энэ удаад Оюу толгой төслийн үндсэн гэрээнүүд болох Хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) болон Оюу толгой төслийн 2014, 2020 оны NI 43-101 Техникийн тайлангууд, Опен-Ойл компанийн 2016 оны 9 сард танилцуулсан Оюу толгой төслийн санхүүгийн загвар дээр ажиллаад эхний үр дүнгийн тоймыг танилцуулж байна.

1. Хөрөнгө оруулалтын гэрээний 2.2-т Монгол Улсын бусад орнуудтай байгуулсан давхар татварын хувь хэмжээг тогтворжуулжээ. Хэдийгээр Монгол Улс нь Нидерландын Вант улстай байгуулсан давхар татварын гэрээг 2014 онд цуцалсан боловч энэ нь Оюу толгой төсөлд хамаарахгүй үлдэхээр байна. Энэ нь Оюу толгой төслөөс Монгол Улсын авах өгөөжийг ойролцоогоор 30 орчим хувиар бууруулжээ. Иймд Монгол Улсын Засгийн газар Рио Тинто компанитай хийх хэлэлцээнд давхар татварыг тогтворжуулсан асуудлыг эргэн харах ёстой гэж бид үзэж байна.

2. Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын 3-т “Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг … 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах”-ыг Засгийн газарт даалгасан. Опен-Ойл компанийн 2016 оны 9 сард олон нийтэд танилцуулсан нээлттэй загварыг ашиглан тооцоолоход, Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34%-ийг хамгийн багадаа 1.5 %-ийн нэмэлт АМНАТ буюу рояалтид шилжүүлснээр монголын талын өгөөж буурахгүй байх урьдчилсан тооцоолол гарч байна. Засгийн газар УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрхэн ажиллаж байгаа нь тодорхойгүй байна.

3. Оюу толгой төсөл дээр Засгийн газар өөрийн гэсэн санхүүгийн загвар боловсруулан ашиглаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд сүүлийн үед Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудын олон нийтэд өгсөн мэдэгдлүүээс дүгнэхэд, Засгийн газар өөрийн гэсэн санхүүгийн загвар ашигладаггүй гэж ойлгогдож байна. 2100 он хүртэл Монгол Улсын эдийн засаг болон Монголчуудын амьдралд том нөлөө үзүүлэх энэхүү төслийн санхүүгийн үр ашгийг тооцоолсон загваргүйгээр Засгийн газар бусад хөрөнгө оруулагчидтай хэлэлцээнд орох боломжгүй. Хэрэв найдвартай санхүүгийн загвар боловсруулж амжаагүй эсвэл санхүүгийн загвараа шинэчлэх шаардлагатай бол бид Засгийн газартай хамтран ажиллаж нэг сарын дотор загварыг боловсруулах боломжтой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

4. Хууль зүйн хувьд энэ гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгуулагдах, хэрэгжих заалттай. Харин шийдвэрлэх шүүх нь НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу шийдэх зохицуулалттай, тэр Арбитр нь маргааныг монголын хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэнэ. Монголын шүүх Дубайн гэрээг байгуулах явцад тухайн үеийн Ерөнхий сайд хууль зөрчсөн болохыг тогтоосон шийдвэрээ гаргасан байдаг. 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болсон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баялгийн холбогдолтой заалтад өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэхүү гэрээний хуульд нийцсэн байдлыг ч шалгаж үзэх шаардлагатай. Тэгэхээр Засгийн газар хууль зүйн хувьд гэрээний нийцэл, зохицлыг нь шалгах, өөрчлөн сайжруулах ажлаа яаралтай хийх шаардлагатай.

Оюу Толгойн төслийн гэрээнүүдийн хүрээнд ч, Монгол Улсын Компанийн тухай хуулийн хүрээнд ч Монголын тал төслийн бүтээн байгуулалтын явцад шууд оролцож, зардлын хэтрэлтийг цаг тухайд нь хянах ёстой. Гэтэл 2009 оноос өнөөг хүртэл аль ч Засгийн газар энэ ажлаа хангалттай хийгээгүй, зардал нэмэгдсэн үндэслэл нь бодитой эсэхийг ч мэдэхгүй сууж байна. Өнөөдрийг хүртэл Оюу Толгой төсөл нь улс төрчдийн хоосон шүүмжлэл, популизмын сэдэв байсан болохоос тус төслөөс Монголчуудын авах үр өгөөжийг сайжруулах чиглэлээр нэг ч бодит алхам хийгдээгүйд бид харамсаж байна.

Цаашид Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар “Оюу толгой” ХХК дахь өөрийн төлөөллөөр улс төрчдийг томилж ирсэн буруу жишгийг даруй өөрчилж,  дотоодын болон олон улсын мэргэжилтнүүдийн ур чадварыг ашиглаж бодит үр дүнд хүрэх шаардлагатай бөгөөд энэ зорилгын төлөө Хөдөлмөрийн үндэсний нам тууштай ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ (ХҮН)

2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр