Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн шүүх хувцасны цаанаас эмэгтэй хүний биед хүрэхийг бэлгийн халдлага биш гэж дүгнэжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Мумбай хот дахь Бомбейн дээд шүүхийн байр

Өнгөрсөн долоо хоногт Мумбай хот дахь Бомбейн дээд шүүх нэгэн эргэлзээтэй шийдвэр гаргасан нь Энэтхэгийн нийгмийг бухимдуулж, олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

2016 оны арванхоёрдугаар сард 39 настай эрэгтэй 12 настай охиныг ёс бусаар оролдож, бэлгийн халдлага үйлдэж байжээ.

Ингэхдээ тэр охины биед хувцасных нь гаднаас хүрч, барьж байсныг шүүхийн дүгнэлтэд өгүүлсэн байна. Доод шатны шүүх түүнийг хүүхдийн эсрэг бэлгийн халдлага үйлдсэн гэж дүгнээд гурван жил шоронд хорих ял оноожээ.

Үүний дараа гэмт этгээд дээд шүүхэд давж заалдсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Мумбай хотын дээд шүүхийн шүүгч Пушпа Ганедивала охиныг хувцастай байсан буюу арьс арьсаараа хүрэлцээгүй тул бэлгийн халдлага биш гэж дүгнээд гэмт этгээдийг цагаатгаж, оронд нь өөр зүйл ангиар нэг жил шоронд хорих шийдвэр гаргажээ.

Шүүгчийн энэ этгээд шийдвэр цаашид Энэтхэгийн хуулийн системд буруу жишиг тогтоох аюултай тул иргэд сошиал сүлжээнд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байна.

Тус улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд шүүхийн шийдвэрийг цуцлуулах тэмцлийг эхлүүлэхээ мэдэгджээ. Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн халдлага, хүчингийн хэрэг олноор гардаг ч гэмт этгээдүүдийн ихэнх нь зохих шийтгэлээ хүлээж чаддаггүй.

2018 онд гарсан албаны баримтаас үзвэл Энэтхэг улсад 16 минут тутамд нэг эмэгтэй хүчиндүүлж байдаг гэнэ.

2012 онд нийслэл Дели хотод хэсэг эрчүүд 23 настай оюутан бүсгүйг автобусан дотор бүлэглэн хүчиндэж, амийг нь хөнөөсний дараа эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийг чангатгах хуулийн шинэчлэлт эхэлж байв.

 

Эх сурвалж: CNN