Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Virgin Orbit компани нисэх онгоцноос хиймэл дагуулуудыг сансарт амжилттай хөөргөлөө

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны үүсгэн байгуулсан Virgin Orbit компани Ням гарагт анх удаагаа нисэх онгоцноос хиймэл дагуулуудыг тойрог замд амжилттай хөөргөжээ.

Өөрчлөн зассан Boeing 747 нисэх онгоцны далавчнаас бэхэлсэн 21 метр урт LauncherOne пуужинд бага оврын хиймэл дагуулуудыг багцлан ачсан байна.

Тэдгээрийн дотор NASA-гийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын их сургуулиудын бүтээсэн CubeStats жижиг хиймэл дагуулууд байжээ.

Virgin Orbit компанийн уг шийдэл нь тодорхой өндөрт хүрсэн нисэх онгоцны далавчнаас пуужинг суллахад хөдөлгүүр нь ажиллаж, цааш тойрог зам руу аялах зориулалттай, хоёр алхамт хөөргөлтийн систем юм.

Өчигдөр Boeing 747 нисэх онгоцыг Өмнөд Калифорнийн элсэн цөлд байдаг Virgin Galactic компанийн Mohave Air and Space port буудлаас хөөргөжээ.

Онгоц Номхон далайн дээгүүр нисэх явахдаа тээвэрлэгч пуужингаа салгасан байна. Пуужин нь цааш тойрог замд хүрснийхээ дараа хиймэл дагуулуудыг тараан байрлуулжээ.

Virgin Orbit компани ийм аргаар дэлхийн аль ч нисэх буудлыг ашиглан тойрог замд бага оврын хиймэл дагуулуудыг хөөргөж чадахаа амлаж байна. 2020 оны тавдугаар сард туршилтын хиймэл дагуулуудыг тойрог замд хүргэх анхны туршилтыг хийхэд амжилтгүй болж байв.

Тухайн үед пуужин онгоцны далавчнаас салж, хөдөлгүүр нь ажилласан ч удалгүй гэмтэл гарч унтарсан байна.

Virgin Orbit нь сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Virgin Galactic компанийн охин компани юм.

Virgin Galactic энэ онд анхны зорчигчоо Нью Мексикогийн өмнөд хэсгээс сансарт хөөргөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Эх сурвалж: The Guardian