Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ, Цагаанннуур, Чандмань-Өндөр, Баянзүрх, Түнэл зэрэг суманд барилгын хана, цонх цуурсан"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний улмаас үүсэн нөхцөл байдлын талаар тус аймгийн Онцгой комисоос өчигдөр мэдээлэв. 

Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Идэрбаясгалан "Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн газар хөдлөлийн тоог харахад өссөн хандлагатай байна. Цаашид ойр ойр давтагдах магадлал өндөр. Иймд гамшгийг хэрхэн эрсдэл багатай даван туулах тухай төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгаа.

Аймгийн хэмжээнд 1,750 орчим барилга байгууламж байгаагаас 220 орчимд нь л эрсдэлийн үнэлгээг хийсэн байдаг. Бусад барилгад эрсдэлийн үнэлгээг хийх, шинээр баригдаж буй барилга байгууламжид стандартыг мөрдүүлж ажиллана" гэлээ.

Түүнчлэн газар хөдөлсний улмаас Мөрөн суманд ус, дулааны шугам сүлжээний байгууллагуудад гэмтэл үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн байгаа. 

Харин аймгийн хэмжээнд учирсан хохирол буюу байшин барилгуудад эвдрэл гэмтэл үүсэн эсэх талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас "Аймгийн Онцгой комиссоос сумд руу холбогдож мэдээлэл авсан. Иргэдийн эрүүл мэндийн хувьд Ханх сумын Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлж байсан зургаан иргэн, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 53 иргэнд зүрх дэлсэх, даралт ихсэх зовуурь илэрсэн гэх мэдээлэлтэй байна. 

Барилга объектын тухайд Ханх, Ренчинлхүмбэ, Цагаанннуур, Чандмань-Өндөр, Баянзүрх, Түнэл зэрэг суманд ерөниий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн байр, Засаг даргын Тамгын газрын байрны хана тааз цуурсан, цонхны шил цуурсан тухай мэдээлэл ирүүлж байна" хэмээн мэдээлэв.

Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Идэрбаясгалан "Аймгийн Онцгой комиссын даргын хувьд газар хөдлөлтийн улмаас үүссэн нөхцөл байдлыг бүх сумд руу холбогдож тодруулах үүрэг өгсөн. Газар хөдөлсөн голомт Ханх суманд бий учир тус сумын Засаг даргатай холбогдон тогтмол мэдээлэл авч байгаа. Эдгээрээс харвал шүүгээн дээрх юм унасан, авдар дээр байсан зурагт унаж хагарсан, гал тогооны шүүгээнээс аяга таваг унаж хагарсан гэх мэт тохиолдол бий" гэлээ.

Мэдээллийг Хөвсгөл аймгийн ард түмний телевизийн дамжуулалтаас бэлтгэв.

Видео:

https://fb.watch/2_2mUEEkbR/