Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурын иргэд КОВИД-19-ийн PCR шинжилгээнд нээлттэй хамрагдах боломжтой болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхий дахинд коронавируст халдварын тохиолдол анх бүртгэгдсэнээс хойш өдгөө 12 сар өнгөрчээ. Агаар дуслын замаар дамжин халдварладаг уг өвчин дэлхийн 220 улс орон, газар нутгийг хамарч, 66.5 сая хүнийг өвчлүүлээд байна.

Сүүлийн үед олон улсад нөхцөл байдал ямар байгаа талаар зарим орны жишээгээр хүргэе.

 ХЯТАДАД 18 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭВ

Арваннэгдүгээр сарын 30-нд Хятад улсын 31 муж, өөртөө засах орон, төв засгийн шууд харьяа хотууд болон Шиньжаны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст КОВИД-19-ийн халдварын 12 шинэ тохиолдол бүртгэгдсэний 4 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөж орж ирсэн бол 8 нь дотоодын халдвар байжээ.

Халдварын улмаар нас барсан тохиолдол болон бусад сэжигтэй тохиолдол илрээгүй тухай Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо мэдээллээ.

Мөн 12 хүн бие нь илааршиж эмнэлгээс гарсан бол 1,628 хүнийг анагаахын ажиглалтаас чөлөөлсөн байна. Арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлх байдлаар Хятад улсад нийт 86,542 хүн халдвар авч, 81,631 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан бол 4,634 өвчтөн энджээ.

ӨМӨЗО-ны Манжуур хотод 4 тохиолдол бүртгэгджээ

2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 07:00 цагаас арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл ӨМӨЗО-д Манжуур хотод КОВИД-19-ийн халдвар авсан хүн дөрвөөр нэмэгджээ.

Тухайн өдрийн мэдээгээр халдвар авсан тухайн орон нутгийн өвчтөн 18, сэжигтэй тохиолдол 2 байгаа бол шинж тэмдэггүй хоёр өвчтөн байна. Тэдгээр хүнийг Манжуур хотын эмнэлэгт тусгаарлан эмчилж буй аж.

Мөн нэг болон хоёрдугаар хавьтлын 1,045 хүн тогтоогдож, бүгдийг тусгаарлан ажиглалт хийж байна. Одоо ӨМӨЗО-нд гадаадаас ирсэн КОВИД-19-ийн халдвар авсан хүн 3 байна. Тэднийг тусгаарлан ажиглаж байгаа талаар ӨМӨЗО-ны Талын дуу хоолой радиогоор мэдээллээ.

Турк улсад хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргав 

Туркийн коронавирусийн тархалтын нөхцөл байдал хүндэрч, Даваа гарагийн байдлаар нийт өвчлөгчдийн тоо 500,000 давжээ.  Тус улсад цар тахлын хоёр дахь давлагаа эхэлсэнтэй холбогдуулан ерөнхийлөгч Эрдоан хөл хорионы дэглэмийг чангалж, ажлын өдрүүдэд 21:00-05:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд Баасан гарагийн 21:00 цагаас Даваа гарагийн 05:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна.

Мөн 65-аас дээш, 20-оос доош насныхан нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх, худалдааны төвүүд зөвхөн #Hes кодоор шалган нэвтрүүлэх зэрэг хязгаарлалтууд хийгдэж эхэлжээ.
СИНГАПУР УЛС КОВИД-19-ИЙН PCR ШИНЖИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОВ

Сингапур улсын иргэд арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн КОВИД-19-ийн PCR оношилгоо шинжилгээнд нээлттэй хамрагдах боломжтой болжээ.

Өнөөг хүртэл зөвхөн өвчний шинж тэмдэг илэрсэн болон Эрүүл мэндийн яамнаас шинжилгээ өгөх зөвшөөрөл авсан хүмүүс PCR-ийн шинжилгээнд хамрагдах боломжтой байсан юм. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд зөвшөөрөгдсөн хувийн эмнэлгүүдэд урьдчилан цаг авч үйлчлүүлэх ба шинжилгээ 200 синга.долларын төлбөртэй аж.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ЗОГСООХ УУ, ЭСВЭЛ УДААШРУУЛАХ УУ?

ИБУИНХУ-ын Засгийн газар олон нийтийн арга хэмжээг хориглох нь коронавирусийн цар тахлын тархалтыг ердөө 5% бууруулж буй тул үр дүн багатай гэж үзэж байна.

Халдвар ихэвчлэн гэр бүлийн гишүүд болон бага талбайтай өрөө, тасалгаанд ойр хавийн хүмүүс хооронд илүүтэй дамжин тархаж, харин ил задгай талбайд халдвар харьцангуй бага байна гэж тус улсын Ерөнхий сайдын шинжлэх ухааны асуудал хариуцсан ерөнхий зөвлөх ноён Патрик Валланс хэвлэлийн ВВС агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна. 

Тэрбээр цаашид эмнэлгийн байгууллагууд коронавирусийн халдварын шинж тэмдэг сулавтар илэрч буй иргэдэд оношилгоо хийхгүй, гэрийн хөл хориог сахих зөвлөмж өгөх бөгөөд хүндэвтэр шинж тэмдэгтэй халдвар авагсдыг яаралтай оношилж, эмчилгээний сонголтыг хийх чиглэлээр ажиллах болно гэж нэмж хэлжээ.

Ашигласан эх сурвалжууд:

  1. http://mongol.cri.cn/20201201/6b86515b-6afe-f211-99c8-287f5cbd31a9.html
  2. ӨМӨЗО-ы Талын дуу хоолой радио
  3. Daily Sabah
  4. https://www.straitstimes.com/singapore/health/covid-19-pcr-tests-available-to- public-from-dec-1