Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирус гаднах агаарт хөвөөд явж байхгүй. Хаалганы бариул зэрэг гадаргуу дээр 3-72 цаг амьдарна гэсэн судалгаа бий"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Дэлхийн зах зээлээс 2-3 дахин хямд өртөгтэй Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг ашиглах талаар ямар бодлого барьж байгаа вэ?

-Манай эрдэмтэн судлаачид 2-3 төрлийн оношлуур хийж байгаа. Хүн бүр аль болох улс эх орондоо тус дэм болохоор хичээж, хүчин зүтгэж ажиллаж байна. Ялангуяа гадаадад байгаа манай эрдэмтэд бидэнтэй байнга холбогдож зөвлөмж зөвлөгөө өгч буй. Оношлуурын хувьд Эрүүл мэндийн яаманд тусгай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа учраас ажлын хэсгээс энэ мэдээллийг дахин тодруулж өгье.

-Коронавирус хэдэн хэмд тэсвэртэй байдаг талаарх тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-БНХАУ болон Австрали улсад гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодолтой холбоотойгоор жижиг кластер өвчлөл гарсан. Сүүлийн үед мөн Солонгос улсад захиалгын үйлчилгээтэй холбоотой өвчлөл гараад буй.

Коронавирусийн хамгийн таатай үржих орчин бол агааргүй битүү болон халуун дулаан газар юм. Гэхдээ коронавирус дэгдэх хэлбэрээр гарах нь орчны агаарын температуртай хамаарал бага гэдэг нь олон судалгаагаар батлагдсан.

Коронавирусээр бохирдсон газар вирус 3-72 цаг амьдрах чадвартай. Харин одоогийн байдлаар гаднах агаарт коронавирус хөвөөд явж байхгүй. Хаалганы бариул, ширээ, сандал зэрэгт коронавирус 3-72, зарим тохиолдолд 98 цаг амьдарна гэсэн л судалгаа бий.

-Халдвар хөдөө орон нутагт тархлаа гэж бодоход хүнээс малд халдварлах эрсдэл байгаа юу?

-Хүнээс амьтанд халдвар дамжсан тохиолдол дэлхий дахинд бий. Тухайлбал, коронавируст халдварын эхлэл үед нохой муур зэрэг гэрийн тэжээвэр амьтанд халдвар дамжиж байсан. Сүүлийн үед үйлдвэрлэлийн зорилгоор ашиглаж буй фермерүүдийн амьтанд халдвар дамжсан тохиолдол бий.

Иймд гэрийн тэжээвэр амьтдыг мал эмнэлгийн газарт хяналтад байлгах ёстой юм. Мөн аль болох хүнтэй адил амны хаалт зүүлгэх, гадуур авч гарахдаа 1.5-2 метрийн зай бариулах, ямар нэг байдлаар коронавирустэй төстэй халуурах, суулгах, хоолондоо дургүй болох, бөөлжих шинж тэмдэг илэрвэл мал эмнэлгийн газарт хандаж, үзүүлэхийг Дэлхийн Мал эмнэлгийн байгууллагаас зөвлөмж болгож гаргасан байсан.

Манай улсын хувьд хүнээс малд халдсан тохиолдол бүртгэгдээгүй.

-Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн ч тухайн хүмүүст хам шинж үлдэж байна гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлэхгүй юу?

-Ер нь коронавирусээр өвдөж эдгэрсэн хүмүүст тодорхой хэмжээний зовуурь илрэх тохиолдол байна.

Тухайлбал, толгой нь өвдөх, юм амархан мартаж санах, хоолондоо дургүй болох, нойр муудах шинж тэмдэг илэрч буй. Гэхдээ энэ нь дунджаар 20-40 хоног үргэлжилж буй. Зарим архаг хууч өвчтэй, уушгины хүнд хатгаагаар нэлээд хүнд өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн уушгинд өөрчлөлт байна гэсэн судалгаанууд гарч байгаа.

Манай эрдэмтэд эмчлүүлж буй болон эмчлэгдээд эдгэрсэн хүмүүст эмнэл зүйн судалгаа хийж буй. Дээрх шинж тэмдгүүд маш бага буюу 5-10 хувьд нь илэрч байгааг анхаарах нь зүйтэй.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/221932256015572

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.