Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Санхүүгийн мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэснээр Монгол Улсын эдийн засагт эерэг хувь нэмэр оруулна"

Р.Оюун, iKon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй бөгөөд 2021 онд 11.8 их наяд төгрөгийн орлого олж, 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргах буюу 2.1 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ хэмээн Засгийн газар төлөвлөсөн. Гэвч энэ удаагийн төсвийн төслийг харвал мөн л үр ашиггүй хөрөнгө оруулалт ихтэй, оновчгүй байгаа талаар бид мэдээлсээр байгаа

Ялангуяа, тооцоо судалгаанд үндэслэхгүй, төсөв боловсруулах мэргэжлийн институс байхгүй, улс төрийн нөлөө хэт их байгаагаас үүдэн төсвийн хөрөнгө оруулалт нүдээ олохгүй, үр ашиг муутай байгааг мэргэжлийн эдийн засагчид ч шүүмжилсээр буй. Гэвч УИХ төсвийн төсөлд тэр бүр өөрчлөлт оруулахгүйгээр баталсаар буй. 

Иймд мэргэжлийн нягтлан бодогч, санхүүчдийг чадавхжуулах замаар буюу улсын секторын санхүүгийн менежментийн шинэчлэлд өндөр ур чадвартай санхүүгийн мэргэжилтнүүдийг сургах замаар хамтран ажиллаж, төсвийг үр ашигтай болгох боломжтой хэмээн үзэж буйгаа Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн гишүүдтэй “Улсын секторын санхүүгийн менежмент, шинэчлэл” сэдвээр уулзах үеэрээ хэллээ. 

Тус холбоонд одоогийн байдлаар 4,800 орчим мэргэшсэн нягтлан бодогч харьяалагддаг бөгөөд 40% нь төрийн байгууллагад ажиллаж байгаагаас гадна аудитын 139 компанийг эгнээндээ нэгтгэжээ. Иймд энэхүү харилцаа холбоог ашиглан, нягтлан бодогчдыг чадамжийг сайжруулж, судалгаа тооцооллыг тасралтгүй хийж, дата мэдээллээр хангаснаар төсвийн оновчтой байдлыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн харж байгаа аж.

Тодруулбал, өндөр мэдлэг, чадвар бүхий боловсон хүчин бөгөөд ялангуяа санхүү, эдийн засгийн судлаач, шинжээчид, улсын салбарын санхүүгийн менежментээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх төдийгүй цаашид улсын салбарт илүү мэдлэг боловсролтой хүмүүс ажиллах замаар Монгол Улсын эдийн засагт эерэг хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Мэргэжлийн нягтлан бодогчид үндэсний болон олон улсын түвшинд эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг байна. Өөрөөр хэлбэл, хэмжүүр тус бүрд нягтлан бодогчдын тоо хэр олон байх нь эдийн засгийн үзүүлэлт сайн байхтай шууд хамааралтай байдгийг Олон улсын нягтлан бодогчдын холбоо буюу IFAC онцолжээ. Ялангуяа, тус байгууллагын шалгуур хангасан мэргэшсэн нягтлан бодогчид эдийн засгийн үзүүлэлтүүдэд илүү өндөр гүйцэтгэлтэй байдаг байна. 

Зураг. Эдийн засгийн хөгжилд нягтлан бодогчдын үүрэг (IFAC)

 

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь Олон улсын нягтлан бодогчдын холбоо болон Ази Номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбооны гишүүн болсон тул эдгээр холбоог Монгол Улсад төлөөлөх эрхтэй болсноороо олон улсын стандартыг нэвтрүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд улам дөхөм болж байгааг Б.Түвшин мөн нэмж хэлэв.