Шинээр бүрэлдсэн УИХ анхны ээлжит чуулганаараа 2021 оны төсвийг хэлэлцэн батлахаар зэхэж байна. Гэвч Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөл Монгол Улсын өрийг 2.2 их наяд төгрөгөөр, 2020 оныг оролцуулж тооцвол бүрэн эрхийнхээ хугацаанд ₮10 их наядын өр нэмэхээр төлөвлөжээ. Үүнээс 4.8 их наяд нь 2020 оны төсвийн тодотголоор хүлээж буй алдагдал бол үлдсэн 5.2 их наяд нь ирэх оноос 2023 он хүртэл бий болох төсвийн алдагдал.
График. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018-2023 (тэрбум төгрөг)
Төсөв алдагдалтай батлах нь Монгол Улсад өр нэмдэг гэдгийг иргэд хэдийнэ мэддэг болсон. iKon 2021 оны төсвийн тухай төсөлд анализ хийхэд алдагдлыг үүнээс бага түвшинд барих, эсвэл арай оновчтой буюу эдийн засгийн агуулгаар зураглах боломжтой байсан нь харагдав.
Гэвч Сангийн яам, Монголбанкны боловсруулж буй төсөлд улс төрийн хамаарал хэт өндөр, дахиад л тойрог “усалсан” төсөв болсныг дараах тоонууд нотолж байна.
График. Төсвийн хөрөнгө оруулалт аль аймагт хамгийн өндөр тавигдсан бэ
2021 оны төсвийн төслөөр хөрөнгө оруулалтын нийт зардал 3.49 их наяд төгрөг байна. Үүнээс
Харин төсвийн төслийн жагсаалтад тусгасан хөрөнгө оруулалтын ажлуудыг шүүж үзвэл 1.5 их наяд төгрөгийн өртөг бүхий 1,030 ажлыг нийтэлсэн байна.
Үүнээс 119 буюу 10 гаруй хувь нь зөвхөн Хэнтий, Баянхонгор аймагт оногдож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, төрийн гурван өндөрлөгийн өлгий нутаг болох хоёрхон аймагт төсөвлөсөн мөнгө нийт хөрөнгө оруулалтын 8% буюу 250 тэрбумыг эзэлжээ. Хүн амын тоотой нь харьцуулж үзвэл бүр ч сонирхолтой дүр зураг харагдана.
Хэнтий аймагтай хүн амын тоогоор арай дөхөж очих Завхан аймагт л гэхэд нэг хүнд 570 мянган төгрөг байгаа нь хуваарилалт ямар харьцангуй байгаагийн нэг жишээ.
Хүснэгт 1. Аймгуудын хөрөнгө оруулалтыг хүн амтай харьцуулахад (сая төгрөг)
| Аймаг | Төсөл | Төсөв (сая ₮) | Хүн амын тоо | Нэг хүнд ногдох төсөв(сая₮) |
| Хэнтий | 90 | 125,827 | 76,700 | 1.6 |
| Баянхонгор | 29 | 124,533 | 87,900 | 1.4 |
| Дундговь | 27 | 52,289 | 46,400 | 1.13 |
| Хөвсгөл | 68 | 50,550 | 133,900 | 0.38 |
| Сүхбаатар аймаг | 40 | 47,460 | 63,000 | 0.75 |
| Завхан | 34 | 41,490 | 72,000 | 0.57 |
| Төв аймаг | 33 | 40,602 | 91,900 | 0.44 |
| Архангай | 42 | 39,527 | 94,100 | 0.4 |
| Ховд | 42 | 38,521 | 87,200 | 0.44 |
| Баян-Өлгий | 50 | 38,257 | 103,900 | 0.37 |
| Дархан-Уул | 25 | 32,488 | 102,000 | 0.32 |
| Говь-Алтай | 35 | 29,141 | 57,400 | 0.5 |
| Дорнод | 22 | 27,121 | 81,800 | 0.33 |
| Орхон | 22 | 20,786 | 104,400 | 0.2 |
| Өвөрхангай | 39 | 20,267 | 114,800 | 0.18 |
| Дорноговь | 10 | 19,028 | 69,800 | 0.27 |
| Сэлэнгэ | 27 | 17,982 | 106,900 | 0.17 |
| Увс | 41 | 17,581 | 82,900 | 0.2 |
| Өмнөговь | 20 | 14,686 | 69,900 | 0.2 |
| Говьсүмбэр | 9 | 11,072 | 17,300 | 0.64 |
| Булган | 17 | 8,493 | 60,200 | 0.14 |
Дээрхээс гадна 252 тэрбум төгрөгийг "Улсын хэмжээнд" гэсэн тодотголтойгоор томоохон төслүүдэд зарцуулахаар тусгасан байна. Тухайлбал, гаалийн шинэчлэл хийх, сумдад төрийн үйлчилгээг цахимаар хүргэх, хаягийн мэдээллийн нэгдсэн систем гэхчлэн ажлуудыг багтаажээ.
Улаанбаатар хотын дүүргүүдээс ч мөн сонирхолтой дүр зураг харагдана. Амьжиргааны түвшин хамгийн өндөрт тооцогдох, байшин, хувийн орон сууц зонхилсон Хан-Уул дүүргийн нэг иргэнд 600 мянган төгрөг буюу нийслэлдээ хамгийн өндөр мөнгө төсөвлөгдсөнд тооцогдохоор байгаа бол Монгол Улсын хүн амын 10 гаруй хувь нь дангаараа амьдардаг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэг хүнд ердөө 160-200 мянган төгрөг оногдохоор байна.
Дүүргүүдээс хамгийн бага хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн нь Баянгол, Сүхбаатар дүүрэг. Тус дүүргийн нэг хүнд 90 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт ногдож байгаа нь улсын дунджаас 19 ДАХИН БАГА дүн.
Хүснэгт 2. Дүүргүүдийн хөрөнгө оруулалт ба хүн ам (сая төгрөг)
| Дүүрэг | Төсөл | Төсөв (сая ₮) | Хүн амын тоо | Нэг хүнд ногдох төсөв(сая₮) |
| Хан-Уул дүүрэг | 43 | 108,657 | 187,278 | 0.6 |
| Баянзүрх дүүрэг | 53 | 57,017 | 361,689 | 0.16 |
| Чингэлтэй дүүрэг | 39 | 52,162 | 148,977 | 0.35 |
| Сонгинохайрхан | 53 | 68,257 | 327,580 | 0.2 |
| Баянгол | 31 | 20,009 | 225,840 | 0.09 |
| Сүхбаатар дүүрэг | 17 | 13,905 | 144,409 | 0.09 |
| Налайх, Багануур | 22 | 14,592 | 66,229 | 0.22 |
Дүүргүүдээс гадна Улаанбаатар хотод томоохон ажлуудад зориулж дээрхээс гадна 95 тэрбум төгрөгийн өртөг бүхий 11 том ажил хийхээр "Улаанбаатар/аймаг" гэсэн нэршлээр тусгажээ. Үүнд
Энэ удаагийн төсвийн хөрөнгө оруулалтад дийлэнх нь хатуу дэд бүтэц голлосон нийгмийн шинжтэй ажлууд зонхилсноороо өнгөрсөн жилийн төсөвтэй ойролцоо болжээ. Ялангуяа, сургуулийн барилга байгууламжид Засгийн газар үнэхээр гар татаагүйг харж болно.
Зөвхөн сургуультай холбоотой 190 ажил байгаагийн 110 орчим нь шинээр сургууль барих болон өргөтгөлийн ажил ба 180 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Тэгвэл үүний 77 тэрбум нь хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотод байна.
Хамгийн өндөр өртгөөр босох сургууль мөн л Хэнтий аймагт харьяалагдаж байгаа нь анхаарал татна. 2021 онд шинээр барьж эхлэх сургуулиудын хамгийн том нь 1,500 хүүхдийн суудалтай ганц сургууль байгаа нь Хэрлэн суманд 13 тэрбум төгрөгийн өртгөөр босно. Үүнээс 2021 онд 48%-ийг нь санхүүжүүлэхээр тусгажээ. Тус аймаг 15,194 сурагчтай бөгөөд 2021 онд нийт 3,420 суудал бүхий шинэ сургуультай болохоор байгааг төсвийн төслөөс харж болно.
Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Увс аймгийн Наранбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл зэрэг суманд тус бүр 640 суудалтай сургууль барихаар төсөвлөжээ. Энэ мэтчилэн олон суманд янз бүрийн багтаамжтай сургуулиудыг барихаар жагсаасан байна. Боловсролын салбарын дэд бүтцэд анхаарч байгаа нь мэдээж сайшаалтай. Гэвч төсвийн хөрөнгө оруулалтад бодлого дутаж байгааг дараах жишээнээс харж болохоор байна.
Ховд аймгийн Ховд суманд л гэхэд 1.8 тэрбум төгрөгөөр 240 хүүхдийн сургууль барихаар төсөвлөжээ. Тус сум 3,449 хүнтэй бөгөөд хүн амынх нь тоо сүүлийн жилүүдэд өсөөгүй, буурсаар байгаа аж. Гэтэл хүн ам нь жилээс жилд өссөөр байгаа Орхон аймгийн жишээг харахад 928 суудалтай Эрдэнэт цогцолбор сургуулийн барилгад 50 тэрбум төгрөг төсөвлөжээ. 2018 онд эхлүүлсэн уг барилгын ажил ийнхүү гурван жил дамнан үргэлжилж байна. Сумтай жишиж харвал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 440 суудалтай сургуулийг шинээр барихаар төсөвт тусгажээ. Нийт ₮5 тэрбумын өртөгтэй сургуулийн төсвийн 200 сая төгрөг буюу 4%-ийг нь л төсөвлөжээ. Уг барилга хэдэн жил баригдаж дуусахыг мэдэхгүй ч 2022 онд дуусгахаар төсөвт тусгасан байна.
Энэ мэтчилэн маш олон асуудал байна. Эндээс иргэдийн хамгийн их анхаарал татаж байгаа хөрөнгө оруулалтуудын нэг болох музейн барилгын талаар сонирхуулъя.
2021 онд 44.5 тэрбум төгрөгөөр 11 музейн барилгын эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Харин нийт төсөвт өртөг нь 198 тэрбум төгрөг.
Хүснэгт 3. Музейд зориулсан хөрөнгө оруулалт (сая төгрөг)
| Байршил | Төслийн нэр | Эхлэх он | Дуусах он | Өртөг | 2021 онд санхүүжигдэх дүн |
| Хан-Уул дүүрэг | Байгалийн түүхийн музейн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ | 2020 | 2022 | 94,460.1 | 20,000 |
| Чингэлтэй дүүрэг | Чингис хаан музейн үзмэрүүдийг сэргээн засварлах, сан хөмрөгийг нэмэгдүүлэх /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ | 2021 | 2021 | 10,000 | 10,000 |
| Чингэлтэй дүүрэг | Чингис хаан музейн барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ | 2020 | 2021 | 67,864.7 | 4,286.8 |
| Арвайхээр сум | Музейн барилга /Өвөрхангай, Арвайхээр сум/ | 2020 | 2022 | 5,889.1 | 2,950 |
| Батноров сум | Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/ | 2020 | 2021 | 3,696.9 | 1,727.1 |
| Хэрлэн сум | Орон нутаг судлах музейн барилга /Хэнтий, Хэрлэн сум/ | 2020 | 2021 | 3,177.7 | 1,677.7 |
| Хархорин сум | Эрдэнэзуу музейн “Аялал жуулчлалын гудамж” төсөл /Өвөрхангай, Хархорин сум/ | 2020 | 2021 | 1,600 | 1,550 |
| Дархан сум | Музей, номын сангийн цогцолбор /Дархан-Уул, Дархан сум/ | 2021 | 2022 | 5,000 | 1,000 |
| Хэрлэн сум | Музейн барилга /Дорнод, Хэрлэн сум/ | 2019 | 2022 | 3,363.3 | 1,000 |
| Есөнбулаг сум | Орон нутгийн судлах музейн барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/ | 2019 | 2022 | 2,942.9 | 300 |
| Нийт | 197,994.7 | 44,491.6 |
Ийнхүү төсөл бүрээр нь тоочвол ₮2.2 их наядын АЛДАГДАЛТАЙ төсвийн цаана олон асуудал байгаа бөгөөд хэмнэж, тэвчиж болох зардал байж болохоор байгаа ч нэгэнт төсвийн сууриа 2019 оноос буруу тавьчихсаны балгаар өнөөдөр залруулах аргагүй болсныг эдийн засагчид сануулсаар байна. Олон улсын байгууллагууд ч сайн дураараа судалгаа хийж, уул уурхайгаас олж байгаа $1 тутмын ердөө 1%-ийг нь л хойч үедээ хадгалж, үлдсэн мөнгийг уул уурхайгаас бусад экспортын салбараа дэмжихийн оронд дээр дурдсанчлан төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, урсгал зардалд үрэн таран хийсээр байгааг анхааруулсаар байгаа ч Монгол Улсын төсөв ийм өнгө төрхтэй байна.
Энэ тухай эдийн засагчид ямар байр суурьтай байгаа, 2021 оны төсвийг хэрхэн дүгнэж байгааг хүргэе.
Эдийн засагч Б.Энхбаяр:
2021 оны төсвийн төсөлд зардал өндөр, алдагдал 2.2 их наяд төгрөг байсан.
Төсвийн зарлагын нэг төвөгтэй тал нь урсгал зардал нэмэгдчихээр буцаагаад хасаж болдоггүй. Суурь гэж ярьдаг шүү дээ. Сууриа 2019 онд маш өндөр авчихсан учраас одоо буцаагаад буулгаж болохгүй, улс төрийн шалтгаантай болчихсон. Хэрэв танана гэвэл цалин, тэтгэвэр гээд тодорхой асуудлууд руу орж таарна. Ийм байдал төсвөө улам хүндрүүлээд байгаа. Энэний суурь шалтгаан нь өнөөх л түүхий эдийн үнэ буюу мөчлөг дагасан, үнээс хамааралтай эдийн засаг буюу Голланд өвчин. Үүнийг ойлгож, 2019 оны төсөв дээр үнэхээр бодолтой хандах ёстой байсан. Харамсалтай нь, нэгэнт түүхий эдийн үнэ өндөр байхад сонгууль угтаж, олон нийтэд таалагдах гээд сууриа буруу тавьчихсан учраас түүнийгээ залруулж чадахгүй гурван жил дараалаад явж байна. Энэ тухай олон улсын байгууллагууд удаа дараа сануулсан ч үл ойшоосноос болоод одоо эдийн засгаа өөрсдөө удирдаж чадахаа бараг больж байна.
Энэ байдлыг богино хугацаанд буюу нэг жилийн төсвөөр залруулж чадахгүй. Мөнгөний бодлогоор ч залруулж чадахгүй. Энэ бол бүтцийн том өөрчлөлт хийж байж залруулагдах ёстой.
ОУВС-ийн ажлын хэсгийн дүгнэлтүүд, Дэлхийн банк ч гэсэн Голланд өвчний талаар сануулж, төсвөөс зардал шаардаад байгаа тэр олон үрэлгэн зардлаа багасгаж, маш том бүтцийн өөрчлөлт хийх ёстой гэдгийг анхааруулсаар ирсэн.
Эдийн засгийн агуулгыг харах юм бол бүтцийн өөрчлөлт хийх ёстой, бүтээмжээ дээшлүүлж, нэмэгдүүлэх ёстой. Үр ашиггүй үрэлгэн зардал гаргаж байгааг өөрчлөхийн тулд технологийн шинэчлэл хийх ёстой. Тэр бүх бодлого нийлж байж бүтцийн гэдэг зүйл болно. Энэ өөрчлөлтийг хийе гэхээр бүтэц нь байхгүй буюу эдийн засгийн бодлого боловсруулдаг институт байхгүй. Жилийн төсөв хийх болоход зөвхөн Сангийн яам, Монголбанк хийх биш, дунд, урт хугацааны арай алсыг харсан бодлого боловсруулдаг институт байх ёстой.
Эдийн засагч Г.Батзориг:
Төсвийн төсөл дээр анхаарал татсан нэг зүйл нь ДНБ буюу эдийн засгийн өсөлтийг 2021 онд 7.2% гэж тооцсон байна. Харин Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2021 онд 5.4, АХБ мөн 5% орчимд төсөөлсөн. Монголбанк багадаа 6.7%, цаашлаад 10.8% өснө гэж харсан байна.
ДНБ-ийг ийм өндөр тавьчихаар үүний цаана Засгийн газрын өр, төсвийн алдагдал бага харагддаг.
Хоёрдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлого дээр зэсийн үнэ 6,450, нүүрс 73 ам.доллар байна гэж тооцсон нь харьцангуй бодитой ч экспортлох хэмжээн дээр мөн л өөдрөгөөр төсөөлсөн байна. Тодруулбал, 2021 онд 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар тооцжээ. Өмнөх жилүүдийг харвал, дунджаар 36 сая тонн нүүрс экспортолж байсан. Хэдийгээр 2020 онд 42 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөөд байсан ч цар тахлаас шалтгаалаад оны эцэс гэхэд 25-27 сая тоннд л хүрэхээр байна. Энэ маягаараа Коронавирусийн нөхцөл байдал ирэх оны эхний хагас жил хүртэл үргэлжлэх нь ойлгомжтой болоод байна. Улмаар хил дээр гаалийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой ухаалаг гарц хөтөлбөр хэрэгжихэд саад учруулна гэж харж байна. Тиймээс 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөх нь харьцангуй өөдрөг төсөөлөл гэж харж байна.
Дараагийн нэг асуудал нь Монгол Улсын төлөх зээлийн хүүгийн төлбөрийн хэмжээ нэмэгдэж байна. Ирэх онд 1.1 их наяд төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлөхөөр харагдсан. Зээлийн хүүгийн төлбөр 2020 онд төсвийн зарлагын 9%-ийг эзэлж байсан бол 2021 онд 11% болж өсөж орж ирж байгаа нь том дарамт болохоор байна.
Төсвийн алдагдал аргагүй анхаарал татаж байна. Энэ жил 4.8 их наяд төгрөгийн алдагдлынхаа тал хувийг дотоодын бонд, талыг нь улс хоорондын зээлээр нөхөж байна. Ирэх оны төсөв мөн л 2.2 хувийн алдагдалтай ба дараагийн жилүүдэд нь багасаад явж байсан. Гэвч төсөв байнга алдагдалтай байх ёстой гэдэг ойлголт өгөөд, төсөв ашигтай байх ёстой гэдэг ухагдахууныг мартуулж байна.
Эдийн засагч Б.Дөлгөөн:
2021 оны төсөвт ажиглагдаж байгаа зүйл бол төсвийн алдагдал. Алдагдал байж болох өндөр хэмжээгээр буюу 5.1%-ийн алдагдалтай оруулж ирж байна. Монгол Улс COVID-19 вирусийг дотооддоо алдаагүй атлаа ийм өндөр төсвийн алдагдалтай байна гэдэг дунд хугацаандаа өрийн дарамтыг ихээр нэмэгдүүлнэ.
Үнэхээр төсвийн алдагдал энэ хэмжээнд байсны үр дүнд эдийн засгийн сэргэлтийг дэмжих юм уу гээд хөрөнгө оруулалтын хэсгийг харахад тэгж чадахааргүй байна.
Нэгдүгээрт,
Голомт банкны хийсэн судалгаанаас харахад байгууллагуудын борлуулалт 40% буурсан, ЖДҮ ойролцоогоор ажилчдынхаа 10%-ийг халаад дахиад 10%-ийг түр чөлөөлсөн байдалтай байгаа гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр Засгийн газраас ажлын байрыг тэтгэхэд ямар арга хэмжээ авч байна вэ?
Хоёрдугаарт,
төсөвт орлого авчирдаггүй хөрөнгө оруулалтууд ихтэй, харин бизнес эрхлэх орчныг буюу ажлын байр бүтээх нөхцөлийг сайжруулах хөрөнгө оруулалтууд алга гэхэд хилсдэхгүй.
Тэгэхээр иргэд рүү чиглэсэн юм уу гэхээр иргэдийг бухимдуулж байгаа, бидний амьдралд хамгийн тулгамдаж буй асуудалд хэр их хөрөнгө оруулалт зарцуулж байна вэ гэдэг асуулт гарна. Жишээлбэл түгжрэл.
Аравдугаар сарын 1-нд “0” зогсолт боллоо. Санаснаар болдог бол эхлээд хамгийн тулгамдаж буй асуудал рүү хөрөнгө оруулалтыг хуваарилж, үүний дараа санхүүжилт үлдвэл жижиг сажиг зүйл рүү хөрөнгө оруулалтаа хиймээр байгаа юм.
Нийслэлчүүд хэд хэдэн удаа “0” зогсолт хийгээд үзлээ. Одоо үүнийгээ хэзээ шийдэх вэ? Улаанбаатар хотоос олж буй орлого улсын төсөвт ордог. Харин хотын төсөв далайцтай хөрөнгө оруулалт хийхээр том биш, улсын төсвийн 6-7% байдаг.
Иймд төсвийг боловсруулсны дараа УИХ-аар хэлэлцэхэд нь биш, анх боловсруулахад иргэд оролцвол эргээд нийгэмд тулгарч байгаа асуудлыг шийдэх тал руу төсвийг чиглүүлнэ. Нөгөөтэйгүүр, аль ч шатанд бай иргэд төсөвт анхаарлаа хандуулахгүй бол болохооргүй цаг иржээ.
Монгол Улс эдийн засгийнхаа 8, 9%-ийг хөрөнгө оруулалт хийдэг ч гэлээ маш олон “үргүй” зардал байгаагаас үүдэн өнөөдөр иргэдэд, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа асуудлыг шийдэхгүй явсаар байгаа юм гэлээ.
Ийнхүү эдийн засагчид байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ гарц гаргалгааг нь хэлж өгсөөр байгаа. Судалгаагаар Монгол Улсын төсөв эрүүл байх нөхцөл боломж байхгүй гэсэн дүгнэлтэд хүрснээ СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлсэн.
Тэрбээр "Бид хэнээс, юу хүсээд байгаагаа бодох хэрэгтэй болжээ. Өнөөдөр Монгол Улсын төсөв эрүүл байх нөхцөл бүрдээгүй байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Учир нь төсөв тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэн ч хуулийг дур зоргоороо өөрчилдөг болсон. Тэр бүх өөрчлөлтийн дийлэнх нь улсын хөгжлийн бодлогын төлөө биш, өрийн таацыг дээшлүүлж, алдагдлыг нэмсэн өөрчлөлт байна. Ийнхүү төсөв тогтворгүй байгаа нь дараах шалтгаантай.
Эдийн засгийн хөгжлийн бодлогын институт байхгүй болсон. Одоо Үндэсний хөгжлийн газар хамаарч байна. Монгол Улс хөгжлийн бодлогогүй учраас төсөв нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого болохгүй байна.
Төсөв нэгдсэн бодлогогүй, улс төрийн нөлөөлөл дор байна. Сангийн яам Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг барих ёстой ч одоо Шадар сайдын эрхлэх асуудал болсон. Улмаар төсөвт нутгийн удирдлагууд, намын нөлөөлөл байгаа учраас эрх зүйн тогтолцоо зөв явахгүй байна" хэмээн тодорхой дүгнэсэн билээ.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай төсөлтэй ЭНД дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!