Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Гийхнаран: Ирэх сарын 1-нээс 1,600 эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлтээ ирүүлээд байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, арваннэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/тай гэрээ байгуулсан бүх эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрхтэй болоод байгаа.

Энэ хүрээнд бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнарангаас тодрууллаа.

- Одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгалаар хэчнээн эмийн сан үйлчилж байна вэ?

-Улсын хэмжээнд ЭМДЕГ-тай 1,026 эмийн сан гэрээ байгуулан, даатгуулагчдад үнийн хөнгөлөлт бүхий эмээр үйлчилж байна.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 24 дүгээр тогтоолын хүрээнд 170 ерөнхий нэршлийн 812 эмд 20-80 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. 2020 оны наймдугаар сарын 28-нд УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тодорхой нэмэлт өөрчлөлтүүд оруулсан. Тэдгээрээс зарим заалт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна.

- Эмийн сангуудад ЭМДЕГ-аас төсөв хуваарилдаг байсан бол шинэ хуулиар эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгоод гүйцэтгэлээрээ санхүүждэг болно гэж ойлгож байгаа. Энэ талаар тодруулж хэлж өгөөч?

- 2020 онд эмийн үнийн хөнгөлөлтөд нийт 33.8 тэрбум төгрөг буюу сард дунджаар 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөсөн. Энэхүү санхүүжилтийг манайхтай гэрээ байгуулсан нийт 1,026 эмийн санд хувиарлан, эмийн сан бүрд тодорхой хэмжээний төсөв баталж өгдөг байсан. Тухайлбал; Жилийн 12 сая төгрөгийн төсөвтэй бол сард 1 сая төгрөг гэх мэтээр. Энэ нь батлагдсан эмийн төсөв дууссан тул үйлчлэхгүй гэх шалтгаанаар даатгуулагчдыг чирэгдүүлэх нэг шалтгаан болоод байсан.

Сарын аль ч өдөр хүссэн эмийн сангаасаа очоод эмээ хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

Төсөв багатай ч эмийн хангалт сайтай, арай хямд үнэтэй эмийн сан дээр дараалал үүсээд байдаг бол ахиу төсөвтэй ч борлуулалт багатай эмийн сан хуваарилагдсан төсвөө дуусгах гээд хууль бус үйлдэл хийх тохиолдлууд гардаг. Тиймээс иргэн яг хэрэгцээ шаардлага нь гарсан үедээ эмээ хөнгөлөлттэй үнээр авах боломжийг бүрдүүлэх зорилгоор гүйцэтгэлээр санхүүждэг болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Сарын аль ч өдөр ЭМД-тай гэрээ бүхий хүссэн эмийн сангаас хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмээ хөнгөлөлттэй үнээр авах боломжтой гэсэн үг. Иймд санхүүжилт дуусна гэдгээс айж, сар бүрийн эхний өдрүүдэд эмийн сан дээр дугаарлах шаардлагагүй болсон гэдгийг даатгуулагчдадаа хэлмээр байна.

- Хуучин хуулиар зөвхөн өрхийн эмч жор бичиж, түүгээр нь хөнгөлөлт үзүүлдэг байсан нь өөрчлөгдөж байгаа байх аа?

- Тийм ээ. Зөвхөн өрх, сумын эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичдэг байдлыг өөрчилсөн. Шинэ хуулиар бүх шатлалын эмнэлгүүд болон хувийн эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичих эрхтэй болж байгаа. Өмнө нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд, жишээлбэл Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн зүрх судасны эмчид үзүүлээд бичүүлсэн эмээ өрхийн эмнэлэг дээр очиж дахин хуулуулж бичүүлдэг байсан. Энэ нь жор бичүүлж байгаа хүндээ ч төвөг чирэгдэлтэй, өрхийн эмнэлэгт ч ачаалал болдог байсан. Иймд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмчээрээ хөнгөлөлттэй эмийн жороо бичүүлэх боломжтой болж байна.

Ингэхдээ эмч нарын өвчтөнд бичиж өгөх эмийг эмнэлгийн шатлал, эмчийн төрлөөр нь ангилж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, Өрхийн эмч үзлэг хийгээд ямар эм бичиж өгч болох, гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч ямар эм бичиж болохыг заагаад өгчихсөн гэсэн үг. Мөн хоёр болон гуравдугаар шатлалын эмч нарын хувьд мэдрэлийн эмч бол яг ямар эмийг, дотрын эмч бол ямар эмийг бичиж өгөхийг тодорхой зааж өгсөн.

Хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох энэхүү шинэчлэлийн хүрээд бид хөнгөлөлттэй эмд тавигдах цахим хяналтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Эмч өвчтөн хоёр цахим системд хурууны хээгээ уншуулж, үзлэг хийсэн гэдгийг нь баталгаажуулаад жор бичигдэнэ. Энэ нь замбараагүй эмийн олголтоос сэргийлж байгаа. Мөн нэг жоронд бичигдсэн эмийн тун, тоо хэмжээ, эмчилгээний хугацааг нь тухайн оношийн эмнэл зүйн удирдамжийн дагуу хязгаарлана.

Иргэн нэг оношоороо буюу даралт ихдэх өвчний улмаас даралтын эмийг сард 30-г уух ёстой бол 60-г бичүүлж авах боломжгүй гэсэн үг. Харин өөр оношоор өөр эм бичүүлж авч болно. Гэхдээ нэг үзлэг нэг онош гэсэн зарчим баримтлагдана.

Чанар болон төлбөрийн хяналтыг ийнхүү тавьснаар эмийн замбараагүй хэрэглээ, худалдан авалт, эм нөөцлөх гэх мэт сөрөг үзэгдлээс сэргийлнэ.

Мөн эмч тавьсан оношоо цахим системд оруулмагц хөнгөлөлтэй эмийн жагсаалтад багтсан тухайн оношинд хамаарах эмүүдийг санал болгож, тэднээс сонголтоо хийх юм.  Өмнө нь тодорхой нэг онош тавьчхаад тэр оношиндоо эмнэл зүйн хувьд хамааралгүй өөр эмүүдийг бичиж олгодог байдал байсныг цэгцэлж байгаа.

- Хурууны хээ уншигчийн хүртээмжийг шийдвэрлэсэн үү?

-Өрхийн эмнэлгийн эмч нар, улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийн амбулатори гээд хөнгөлөлттэй эмийн жор бичих эмч нарыг хурууны хээ уншигч төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хөнгөлөлттэй эмийн жор нь эмчийн үзлэг дээр үндэслэн олгогдоно гэдэг зарчмын өөрчлөлт орж байгаа.

Эм гэдэг бол ямар нэгэн өвчин эмгэгийн эмчилгээнд зориулагдсан байдаг тул эмч үзлэгээ хийгээд тухайн үйлчлүүлэгчид тавьсан оношиндоо үндэслэж эмчилгээ бичнэ гэсэн үг. Тэгэхээр хөнгөлөлттэй эмийн жор бичихэд тавигдах гол үндсэн шаардлага бол заавал эмч амбулаторийн үзлэг хийсэн байх юм.

- Эмийн сангууд өөрсдөө хүсэлт гаргаж, ЭМДЕГ-тай гэрээ байгуулан даатгуулагчдад үнийн хөнгөлөлт үзүүлнэ гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар хэчнээн эмийн сан танайд гэрээ байгуулахаар хандаад байна вэ?

- Өмнө нь хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эмийн сангуудад тодорхой шалгуурууд тавиад шаардлага хангасан буюу сонгон шалгаруулалтад тэнцсэн эмийн сантай гэрээ байгуулдаг байсан. Шинэ хуулиар эмийн сангууд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг үзээд, өөрсдөө хүсвэл цахимаар манайх руу хүсэлтээ ирүүлж байгаа.

1,600 эмийн сан хөнгөлөлттэй үнээр үйлчлэх хүсэлтээ ирүүлээд байна

Өмнө нь олон шаардлага тавьдаг байсан бол одоо зөвхөн тусгай зөвшөөрөлтэй байх, И-баримт олгодог байх гэсэн хоёрхон шалгуур тавьж байна.

Улсын хэмжээнд 2,000 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт цахимаар хүсэлт авах сайтаа нээсэн, одоогийн байдлаар 1,600 эмийн сан хөнгөлөлттэй үнээр үйлчлэх хүсэлтээ ирүүлээд байна.

- Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эмийн сангуудын тоо нэмэгдэхээр сард олгох 2.8 тэрбум төгрөг хүрэлцэх үү, ЭМД-ын сангаас хөнгөлөлтөд олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай юу?

-Эрүүл мэндийн даатгалын сан иргэдийн шимтгэлээс бүрддэг, хэмжээ хязгаартай сан. Энэ сангаас зөвхөн эмийн үнийн хөнгөлөлт биш хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, рашаан сувиллын хөнгөлөлт гээд олон зардал гарч байгаа. Тиймээс нэг талаасаа даатгуулагчдадаа төвөг чирэгдэлгүй байх зохицуулалтыг хийж байгаа ч нөгөө талаасаа сангийнхаа санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлан хөнгөлөлт үзүүлэх эмийн тоо, төрөл, хөнгөлөлтийн хэмжээг оновчтой тогтоох шаардлага тулгарсан.

Хуулийн өөрчлөлтөөр даатгуулагчид олгосон тусламж, үйлчилгээг олон улсад ашиглагддаг эмнэл зүйн удирдамжид суурилсан шалгуурыг баримталж чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлнэ гэсэн заалт орсон. Энэ хүрээнд үнийн хөнгөлөлт олгох эмийн жагсаалтыг боловсруулахдаа нийт хүн амын зонхилон тохиолддог өвчин эмгэгийг сонгох, сонгосон өвчин эмгэгийн эмчилгээнд шаардагдах эмийг олон улсад ашиглагддаг эмнэл зүйн удирдамжид суурилан ямар өвчний үед аль эмийг хэрэглэх вэ гэдэг сонголтыг хийсэн.

2020 оны сүүлийн хоёр сард /тус бүрд нь/ санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж сард 5 тэрбум төгрөг байхаар саналаа Сангийн яаманд хүргүүлсэн. 2021 оны хувьд эмийн үнийн хөнгөлөлтөд 60 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо хийгээд ирэх оны төсөвт суулгуулсан. Одоо УИХ-аар хэлэлцэгдээд явж байгаа бөгөөд батлагдах байх гэсэн хүлээлттэй байна.

- Арваннэгдүгээр сарын 1-нээс хөнгөлөлтэй эмийн жагсаалт шинэчлэгдсэн хувилбараараа хэрэгжих үү, жагсаалтыг шинэчлэхдээ олон улсад ашиглагддаг эмнэл зүйн удирдамжуудыг агуулсан цахим платформыг ашиглан эмийн сонголтыг хийсэн гэлээ. Энэ талаар тодруулж мэдээлэл өгөөч?

- Жагсаалтыг боловсруулах аргачлалын эхний алхам нь нийт хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын шууд шалтгаан болдог, иргэдийг санхүүгийн эрсдэлд хамгийн их оруулдаг, ахмад настан, хүүхдийн их өвддөг өвчин эмгэгийг 2019 оны амбулаторийн үзлэгийн мэдээлэл дээр суурилж сонгосон. Нийт 111 нэр төрлийн оношийг сонгож, эмчилгээний эмийг олон улсад ашиглагддаг эмнэл зүйн удирдамжаас аваад 370 эмийн жагсаалтыг гаргалаа.

Өмнөх хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 812 эм байсан бол шинэчилсэн жагсаалтад 370 эм багтсан. Эмийн тоо цөөрсөн харагдаж байгаа хэдий ч 812 эмийн 95 хувийг багтаасан бөгөөд эмийн төрөл нэмэгдсэн гэж ойлгож болно. Шинэ жагсаалтын бас нэг онцлог нь анагаах ухааны нотолгоонд суурилсан олон улсад ашиглагдаж байгаа эмнэл зүйн удирдамжийн дагуу тухайн өвчний үед хамгийн үр нөлөө сайтай тун хэмжээг тодорхойлж өгсөн.  

Хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоохдоо иргэдийг эрүүл мэндээс нь үүдэлтэй байнгын санхүүгийн эрсдэлд оруулж байдаг буюу нэг удаа өвчлөхдөө уудаг гэхээсээ илүү тогтмол, байнгын хэрэглэх шаардлагатай чихрийн шижин, даралт бууруулах, зүрх судасны өвчний үед хэрэглэх эмүүдэд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон байгаа.

Нэмж хэлэхэд эм гэдэг эмчилгээний заалтаар хэрэглэдэг зүйл тэгэхээр эмч хүн үзлэг оношилгоо хийгээд тавьсан оношиндоо хамгийн үр дүнтэй байх, хурдан эдгэрэх, үр нөлөө үзүүлэх тэр эмийг нотолгоонд суурилсан эх сурвалж буюу эмнэл зүйн удирдамжийн дагуу зөвлөмж болгодог. Хүн амын ямар эм хэрэглэхийг эмч нар шийдвэрлэдэг. Түүнээс биш эмийн компаниудын оруулж ирсэн эмийг эмч нар бичдэг байж болохгүй. Бид иргэдээ эрүүл мэндээс нь үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, нөгөө талдаа эмчилгээ нь үр дүнтэй байх тэр хяналтаа л хэрэгжүүлнэ.

- Мэдээлэл өгсөн Танд баярлалаа.