Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Үүргээсээ зугтсан төрийн хариуцлагыг төв банк үүрдэггүй

ikon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Улс орнуудад үгий нь сонсож, үйлдлийг нь анхааралтай ажиглаж, хүлээлт үүсгэдэг төрийн институт бол төв банк. Төв банкнаас гарах мэдээ, мэдэгдэл нь санхүүгийн зах зээлийн хувь заяанд хамаарах шийдвэр байдаг учраас анхаарлын төвд байхаас ч аргагүй.

Хүн төрөлхтөн XXI зууныг хүртэлх туулж өнгөрүүлсэн амьдралдаа төв банктай байх уу, үгүй юу гэдэг сонголттой тулгарч байсан удаатай ч эцсийн шийдэл нь Засгийн газар мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, яагаад ч болохгүйг эдийн засгийн гүн хямралууд сургамжилсан юм.

Засгийн газар бол эрх баригчдын засаглах боломж бүхий субьект. Тэнд улс төрийн шийдвэрээр төсвийг хүссэнээрээ захиран зарцуулах бүрэн эрхтэй. Харин мөнгөний урсгалыг тэд удирдах нь гүн ангал руу түлхсэнээс ялгаагүй болохыг 1920 оны сүүлээр эхэлж, 20 шахам жил үргэлжилсэн Америкаас эхлэлтэй Европ болон бусад улс орныг тахал шиг хамарсан эдийн засгийн Их хямрал гэрчилнэ.

Энэ үед эдийн засаг гиперинфляцад идэгдэж, мухлагаас дөнгөж худалдаж аваад байсан шар айрагных нь үнэ ууж амжаагүй байхад нь өсөж, лангуун дээрх барааны үнэ өдөр өдөртөө шинэчлэгдэж, валют цаас болж байсан нь мөнгөний хэт нийлүүлэлтийн уршиг байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг. Ийнхүү удаан үргэлжилсэн их хямралын дараа төсөв, мөнгөний бодлогыг тусад нь салгаж, төв банк бие даасан бодлогыг удирддаг болох хүртэлх шийдвэр ярвигтай байсан ч Төв банк гэж “хараат бус” ажиллах бодлогын институт өнөөдөр улс орон бүрд өөрийн бие даасан шийдвэрээ гаргадаг зах зээлийн ерөнхий удирдаач болох байр сууриа бататгаад байна.

Цусны эргэлт сайн байх нь хүний биеийн даралт хэвийн тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлдэгтэй адил мөнгөний урсгалын хэвийн голдирлыг төсвийн зохицуулалтаар өөрчлөх аргагүй гэдгийг ийнхүү гашуун туршлага ойлгуулжээ. Өдгөө улс орнуудад улсын Ерөнхийлөгчийн араас залгуулах төрийн өндөр зангараг бүхий албан тушаал бол Төв банкны ерөнхийлөгч болжээ. Тийм ч учраас хуулиар хамгаалагдсан хараат бус үйл ажиллагааг төв банкууд эрхлэх болсон нь эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлын төлөөх баталгаа юм. 

Улстөрч, сэтгүүлч хоёр найзалж болох ч нэг хөнжилд орж болохгүй гэсэн хатуу сургаал байдагтай адил Төв банк, Засгийн газартай бодлогын уялдаатай зорилтоо хангах ч хамтдаа жороолж болохгүй тул улстөрчдөд "Үгүй" гэж чаддаг байх зарчмыг олон улсын төв банкууд чанд сахидаг.

Манай улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүссэн цаг үеэс Монголбанкны түүхийг авч үзвэл 30 жил болжээ. Түүнээс хойш Монголын төв банк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага болсноор эдийн засагт дунд урт хугацаанд үнийн тогтвортой байдлыг хангах орчин үеийн мөнгөний бодлогын хөгжлийн эхлэл тавигдсан.

Гэвч энэ хугацаан дахь Монголбанкны бие даасан хараат бус байдлыг хэмжиж үзвэл хангалттай үр дүн гарахгүй л болов уу.

Үүний наад захын жишээ бол Төв банкийг удирдсан ерөнхийлөгч нарын хулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээж ажилласан байдлаар нь үнэлж болох юм. Ингээд үзэхээр 6 жилийн үүрэгт хугацаагаа бүрэн хангасан ганц ерөнхийлөгч байсан бөгөөд бусад нь хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байжээ. Монголбанкны удирдлагын тогтворгүй байдал нь цэвэр улс төрийн нөлөөтэй бөгөөд төв банкны хараат бус засаглалыг бэхжүүлэх эрх зүйн орчин хангалтгүй байна гэж судлаачид дүгнэсэн байдаг. Тухайлбал, манай улсад төв банкны ерөнхийлөгчийг парламентаас томилдог бөгөөд үзэмжээр чөлөөлөхгүй байх баталгааг бусад улс орнуудынх шиг нарийн хуульчлаагүй, хэт субъектив хандлагатай заалтууд байгаа нь бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө чөлөөгдөх нөхцөлийг бүрдүүлжээ. Тодруулбал, Төв банкны тухай хуульд төв банкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай заахдаа ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, эрүүл мэндийн шалтгааны улмаас гэх мэт заасан байх боловч үнэхээр чөлөөлөгдөх шалтгаантай юу, үгүй юу гэдгийг дэнслэх бусад улс орнуудынх шиг Хяналтын хороо гэж байдаггүй. Иймд Монголд хараат бус ажиллах төв банкны ерөнхийлөгч байх боломжгүй байна.

Үүнээс гадна хараат бус байдлыг хангах бас нэгэн чухал илэрхийлэл бол төв банкнаас хэрэгжүүлэх дунд, урт хугацааны бодлогын баримт бичгийн зорилт юм. Манай улсад үүнийг Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл гэдэг. Сонгодог төв банкуудын хувьд бол бодлогын энэхүү зорилтоо зөвхөн парламентдаа танилцуулдаг. Харин Монгол Улсын хувьд бол өөр. Жил бүр улсын төсөвтэй зэрэгцүүлэн бодлогын баримт бичгээ төсөл хэлбэрээр хэлэлцүүлэн батлуулдаг уламжлалтай.

Угтаа бол амжилттай хөгжсөн эдийн засгуудтай төв банкуудын туршлага манайд чухал төдийгүй тэдэн шиг дунд урт хугацаанд бодлогын зорилтоо тусгаж, үнийн тогтвортой байдлыг зорьж ажиллах хүсэл манай төв банканд бий. Учир нь одоогоос хоёр жилийн өмнө шинэчлэн батлагдсан Төв банкны тухай хуулийн төсөлд Төрийн мөнгөний бодлогын баримт бичгийг гурван жил тутамд парламентаар хэлэлцүүлдэг байх саналыг тусгаж байсан ч энэ заалтыг эрхэм гишүүд үл хэрэгссэн.

Ингээд хуучин хэвээр нь үлдээсэн ч Монголын парламентын танхимд мөнгөний бодлогын хэлэлцүүлэг хэзээ ч мэргэжлийн түвшинд бус, ямар ч анхан шатны ойлголтгүй, зорилгоос хэт хазайсан, төсөвтэй хольж хутган засгийн үүрэгтэй андуурсан, ихэнхдээ "Төгрөг яагаад сулраад байна вэ?" гэсэн асуудал дор холион бантан хутгаж, хэлэлцүүлсэн болж баталдаг. Батлахдаа төв банкны үүргийн бус ажлыг даатгаж орхидог нь төв банкны хуулиас гадуурх үйл ажиллагаа байх нь олонтаа.

Маш тодоор хэлбэл, УИХ жил бүр Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлт хийхийг шаарддаг гэсэн үг. Гэтэл 2018 оны Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Үүгээр бид давхар юуг харж болохоор байна вэ гэвэл манай улс хуулийн засаглалтай ч хуулиа хэрэгсдэггүй орон гэдгийг.

Манай улс шиг жил бүр мөнгөний бодлогын зорилтоо парламентаар батлуулдаг улс орон цөөн. Тэдний тоонд ОХУ, Беларусь, Польш орно. Ерөөс мөнгөний бодлогын өөрчлөлтийн нөлөө нь цаг хугацааны хувьд нэлээд хоцрогдолтой гардаг. Монгол Улсын хувьд зээл мөнгөний агрегатад өөрчлөлт орсноос хойш инфляц, ДНБ-д нөлөөлөх хугацаа нь наанадаж нэг жил байдаг бол АНУ –д энэ хугацаа 5 хүртэл жил үргэлжилдэг байна. Ийм нөхцөлд УИХ-аас инфляцын зорилтыг жил бүр өөрчлөх нь бодлогын хэрэгсэл мэдрэгдэх хугацааны орон зайгүй болох, инфляцын зорилтыг эхнээс нь алдахад хүргэдэг. Энэ мэтчлэнгээр төв банкны хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байна.

Тиймээс төв банкны үндсэн зорилтоос бусад асуудлыг УИХ-аар хэлэлцдэг байдлаас татгалзах шаардлагыг ирэх цаг хугацаа эдийн засагт үүсэх нөхцөл байдлаас хамааран улам тод сануулах нь гарцаагүй юм.

Төв банкны үйл ажиллагаа гэдэг бол дунд болон урт хугацааг хамардаг гэж дээр тод тайлбарласанчлан жил бүр цоо шинэ ажлууд төлөвлөж хэрэгжүүлээд байх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Монголбанк Монголын бүх асуудлыг хариуцах нөхцөл байхгүй гэсэн үг.

Харин үүний оронд УИХ-аас Монголбанкнаас инфляцын зорилтын хэрэгжилт болон бусад холбогдох асуудлаар мэдээлэл, тайлбарыг тодорхой хугацаанд сонсож, үндсэн зорилтынх нь хүрээнд асууж, тодруулдаг  байхаас бус мөнгөний бодлогын арга хэлбэр, үйл ажиллагаа, төв банкны хэрэгслүүдийн хараат бус байдал руу халдахгүй байх хэрэгтэй юм. Эс бөгөөс Монголбанк 19-20 –р зууны төв банкуудын алдаа, 2013-2016 оны МУЗГ-ын шахалтаар  хэрэгжүүлсэн бодлогын алдаа зэргээ давтаж, арай хийж өндийлгөсөн эдийн засгаа дахин унагаж ч мэдэх эрсдэлтэй.

Эдийн засаг хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангахад зорьдог ч үүний төлөө манай улс олигтой ч урсгалгүй мөнгөний крантаа нээгээд орхивол цусаа юүлсэнтэй адил юм. Угтаа бол мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх өндөр үүргийг ард түмний итгэлийг авч амлалт өгч сонгогдсон төр шийдэх асуудал юм. Өрх гэрээ тэжээж, ноён нурууг авч явах ёстой эцэг хүний үүрэгтэй ижил гэсэн үг.

Гэвч Монголын төр өнөөдрийг хүртэл экспортын гарцаа нэмэгдүүлж, эдийн засгийн бүтцээ сайжруулаагүй, уул уурхайн түүхий эд харсан хэвээр мөчлөг сөрсөн бодлогогүй, үндэсний хуримтлалгүй явсаар ирсэн. Эндээс л мөнгөний урсгал нэмэгдэх учиртай. Түүнээс бус Монгол Улс ам.доллар хэвлэх боломжгүй, төгрөгөө ч хэвлээд ч уршиг дагуулах учраас бүтээмжээ нэмэгдүүлж, мөнгө л олох шаардлагатай байна. Үүнийг хэн хийх үүрэгтэй вэ гэвэл УИХ, МУЗГ бөгөөд тэндээс гарах зөв тууштай ард түмнээ дэмжсэн бодлого, үйл ажиллагаа!

Мөнгийг удирдахаас бус үржүүлэгчийн үүрэггүй Монголбанкийг шахаад ч тэр их хүсэл биелэх боломжгүй юм.

Тиймээс хараат бус, бие даасан мөнгөний бодлого гэдэг бол улстөрчдийн өмнө бөхөлзөж, гудайх аргагүй ган төмөр шиг байх учиртай. Харин ард түмэнд бол итгэл төрөхүйц энэрэлт эх шиг нь хүлээлт нь байх жамтай. Үүнийг олон нийт сайн мэдэх тусам улстөрчдийн шийдвэр мөнгөний бодлогод халдахаас сэргийлэгдэх боломжтой. Энэ бол амжилттай хөгжсөн улс орнуудын хамгийн сайн мэдэх, хамгийн сайн хяналтаа тавьж чаддаг иргэнийх нь эрх үүргийн хүрээний чухал асуудал байдаг.

 

Э.Цэцэн