Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймагт замын ажил хийж байгаад оргосон хоригдлыг эрэн сурвалжилж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Баянхонгор аймагт замын бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан хоригдол өчигдөр оргосон байна. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа ажээ.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодруулахад "Манай байгууллага улс орны бүтээн байгуулалтын ажилд тодорхой хэмжээгээр оролцон ажиллаж байна. Тухайлбал, авто зам тавих, барилга байгууламж барих, газар тариалан, уул уурхайн чиглэлээр өөрсдөө бие даан болон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажилладаг.

Ингэснээр хоригдогсод нэрийн дансандаа цалин хуримтлалтай болох улмаар бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулах нөхцөлийг бүрдүүлдэг юм. Энэ хүрээнд  хоригдол Г нь Баянхонгор аймаг дахь авто замын хэсэг дээр ажиллаж байгаад 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр ажлын байраа орхин явсан.

Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.2.1, 17.1.2.3, 17.1.2.4 дэх зүйл ангиар /хулгайлах гэмт хэрэг үйлдэн/ 6.8 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд эдлэх ёстой ялынхаа 70 хувийг эдэлсэн учраас гадуур ажиллаж байсан" гэдгийг хэллээ.