Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Сонгуульд нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэр дэвшигч нь өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 14-нд архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигчийг автомашинаар дайрч амь насыг нь хөнөөжээ гэж мэдээлэл олон нийтийн сүлжээнд таржээ.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Сонгуульд нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явж байна. Тухайн мэдээлэл нь ташаа гэдгийг хэлье.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хэргийн талаар товч танилцуулбал: 

Аравдугаар сарын 14-ний өдрийн 15:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт иргэнийг автомашинаар мөргөж амь насыг нь хохироолоо гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Мэдээллийн дагуу сумын цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар, 40 настай Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон.

Амь хохирогч М нь Аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан гэх мэдээлэл байна.

Харин хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээд нь тухайн иргэнтэй найз нөхдийн холбоотой төдийгүй сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан хүн” гэв.

"Айлын хашаанд үйлдэгдсэн уг хэрэг нь сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй"

Үргэлжлүүлэн “Энэ хэрэг нь өөрөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг бөгөөд айлын хашаанд үйлдэгдсэн асуудал. Тиймээс энэ хэрэг сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй.

Хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгана. 

Цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сонгуулийн хэсгийн хороод, байрууд, гудамж талбай, олон нийтийн газруудад хэв журмын хамгаалалтыг гүйцэтгэн ажиллаж байгаа” хэмээн онцлов.