Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын жуулчин Помпей хотоос хулгайлсан “хараалтай” эд зүйлсээ буцааж илгээжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Галт уулын үнс нурманд дарагдсан эртний хот Помпейн тууринаас 15 жилийн өмнө хулгайлсан эд зүйлсээ Канадын нэгэн жуулчин эмэгтэй Италийн аялал жуулчлалын байгууллагад буцаан илгээжээ.

Өөрийгөө Николь гэж нэрлэсэн эмэгтэй тус хотоос авч явсан ваарны чимэглэл, шаазангийн хэлтэрхий зэрэг зүйлсийг захидлын хамт шуудангаар явуулсан байна.

20 гаруйхан настай байсан Николь 2005 онд Помпейд ирээд буцахдаа эдгээр зүйлсийг дурсгал болгон хадгалах зорилгоор хулгайлжээ. Өнгөрсөн хугацаанд амьдрал нь бүтэлгүйтэж, олон таагүй зүйлс тохиолдсоныг тэр Помпейн хараал гэж үзсэн байна.

“Азгүйтэл дагуулдаг эдгээр зүйлсийг буцаан илгээж байна. Би одоо 36 настай. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа хөхний хорт хавдраар өвчилж, сүүлийн удаад нь хоёр хөхөө тайруулсан. Надаас болон миний гэр бүлээс санхүүгийн хүндрэл бэрхшээл салсангүй. Бид сайн санаат хүмүүс. Энэ хараалыг үр хүүхэд, гэр бүлдээ дамжуулмааргүй байна” гэж тэр захидалдаа бичжээ.

Галт уулын үнс нурманд амьдаараа дарагдаж үхсэн хүмүүсийн зовлон шаналал эдгээр эд зүйлст шингэсэн гэж Николь үзэж байгаа гэнэ. Тэрбээр хийсэн зүйлээсээ сургамж авч, бурхнаас өршөөл гуйж байгаагаа захидалдаа бичсэн байна.

Италийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр Помпей хотоос хулгайлагдсан олон тооны эд зүйлс ийм шалтгаанаар буцаж ирдэг ажээ.

Жуулчдын ихэнх нь тэдгээрийг дурсгал болгож хадгалахаар авдаг бол зарим нь цааш худалдаж, ашиг олохоор хулгайлдаг гэнэ. Тухайлбал 2015 онд нэг хүн Помпейн тууринаас хулгайлсан тоосгыг eBay сайтад борлуулахаар тавьж байжээ.

Нийтийн тооллын 79 онд Везуви галт уул дэлбэрсний улмаас Помпей хот бүхэлдээ үнс нурманд булагдсан юм. Сайтар хадгалагдаж үлдсэн хотын туурийг 16 дугаар зуунд анх илрүүлсний дараа эртний Ромын түүх, соёлтой танилцах боломж хүн төрөлхтөнд нээгдэж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian