Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хүйтэн дайны үеийн Польшийн архиваас Жэймс Бондын тухай мэдээлэл олджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Польшийн Үндэсний Дурсгалын Хүрээлэн хүйтэн дайны үед тус улсад ажиллаж байсан Британийн нэг тагнуул Жэймс Бонд нэртэй байсныг архивын материалаас олж илрүүлээд олон нийтэд мэдээлжээ.

Тухайн баримтад өгүүлснээр Жэймс Альберт Бонд 1964 оны хоёрдугаар сарын 18-нд Польшид ирж, Британийн элчин сайдын яамны цэргийн атташед архивчаар ажиллаж эхэлсэн байна.

Удалгүй түүнийг Польшийн сөрөг тагнуулын газар анхааралдаа авжээ.

Жэймс Бонд нь уран зохиолын баатартайгаа адилхан хүүхэмсэг нэгэн байсныг архивын материалд өгүүлсэн байна. Гэхдээ түүн шиг Мартини уудаггүй, харин Польшийн шар айрагт их дуртай байсныг бичжээ.

Польшийн тал түүний хөдөлгөөн бүрийг хянаж байсан бөгөөд цэргийн нууц байгууламжууд байрладаг тус улсын зүүн хойд нутагт аялж байсныг нь хүртэл бичсэн байна.

Харин Жэймс Бондыг нутгийн хүмүүстэй ямар ч хэлхээ холбоогүй байсныг баталжээ. Тэрбээр 1965 онд нутаг буцсан юм байна.

Британийн 007 дугаартай тагнуулын тухай түүхийг зохиолч Ян Флэминг бичсэн нь 1953 онд ном болон гарч, 1962 онд дэлгэцэнд кино болж гарсан юм. Анхны Жэймс Бондын дүрийг жүжигчин Шон Коннери бүтээж байв.

Британийн тагнуулын алба Польшийн сөрөг тагнуулынхнаар даажигнах зорилгоор Варшавт илгээсэн ажилтандаа зориуд ийм хуурамч нэрийг сонгосон байж болзошгүй гэсэн таамгийг Польшийн үндэсний архивын захирал Марзена Крук дэвшүүлжээ.

Эх сурвалж: Reuters