Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын 1-15-ны өдрүүдэд Е-Police аппликэйшнээр ирүүлсэн 998 зөрчилд хариуцлага тооцжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: УБЗХУТ

Е-Police аппликэйшний тусламжтайгаар 998 зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, иргэд E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан есдүгээр сарын 1-15-ны хооронд 998 зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээсэн байна.

Тэдгээр хариуцлага тооцож, хуулийн дагуу арга хэмжээ авсан талаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас зохиомол түгжрэл үүсэж, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож буй.

Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police" аппликэйшнийг гарган ажиллаж байгаа юм. 

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрэм зөрчихгүй, бусдыг хүндэтгэж соёлтой оролцохыг зөвлөж байна.
 
Гэрэл зургийн эх сурвалж: УБЗХУТ