Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгож эхлэхээр болж байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 8 сарын 28
iKon.MN

УИХ-ын нийгмийн бодлогын Байнгын хорооны гишүүд эрүүл мэндийн даатгалын хуулиудад ямар нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан талаараа тайлбарлаж, мэдээлэл өглөө.

 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эмийн хөнгөлөлттэй холбоотой хуулиуд хэрэгжиж эхлэхээр боллоо

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Бидний хэсэг гишүүд УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн салбарт реформ хийсэн хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг санхүүжилттэй нь хамт шийдсэн талаар бодит мэдээллийг өгье. 

Түүнчлэн ирэх дөрвөн жилд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн таван жилд ямар ажлууд хийхээр тусгагдсан талаар мэдээлэхээр хэвлэлийн хурлыг хийж байна.

УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн даатгалын тухай, эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа.

Энэ нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь бизнес тоног төхөөрөмж биш хүнээ дагасан нэмэлт өөрчлөлтүүдийг оруулаад 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эмийн хөнгөлөлттэй холбоотой хуулиуд хэрэгжиж эхлэхээр боллоо.

Тухайлбал, жирэмсэн эх заавал харьяа биш, дуртай эмнэлэгтээ очиж үйлчлүүлэх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл ЭМД төлдөг л бол өөрийн дуртай эмч, эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.

Эрүүл мэндийн салбарын эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг заавал ашиглаж байхаар хуульчилсан

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх эхний алхамууд хийгдэж байна. Ирэх онд дахин өөрчлөлт оруулна.

Хуулиудад орсон онцлох өөрчлөлтүүдээс дурдвал одоогийн байгаа тогтолцоогоор зарим өвчнийг улсын төсвийн хөрөнгөөр, зарим хүнийг даатгалаар эмчилж байгаа. Ингээд эмнэлгийн байгууллагууд нэг эрхтнийг нь эмчлээд нөгөө эрхтнийг нь эмчлэх гэхээр төсөвгүй болдог хүндрэл үүсдэг. Иймээс эрүүл мэндийн бүх санхүүжилтийг ЭМД-ын санд шилжүүлж байгаа. Нэг өвчтөний эрүүл мэндийн зардлыг ЭМД-ын сан бүрэн хариуцаад явна. Эмч, эмнэлгийн ажилтны хариуцлага, чанартай үйлчилгээнээс шалтгаалж дараагийн санхүүжилтийг тооцдог механизмтай болгож байна.

Өөрөөр хэлбэл эмч, эмнэлгийн ажитнууд сайн ч ажилласан, муу ч ажилласан цалингаа авдаг байдлыг өөрчилж байгаа гэсэн үг.

Бас нэг чухал өөрчлөлт нь эрүүл мэндийн салбарын эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг заавал ашиглаж байхаар болж байна. Энэ стандартын дагуу Монгол Улсын иргэнийг эмчилж чадаж байгаа үгүйг хянах юм. Өөрөөр хэлбэл эмнэлгийн байгууллагын үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Мөн 2021 оноос өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг сайжруулах хуулийн төсөл санаачилна.

Хэрэв иргэнд яаралтай тусламж авах шаардлага гарвал дуртай эмнэлгээрээ үйлчлүүлнэ

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн

Тангараг өргөөд хоёр сар өнгөрч буй энэ хугацаанд УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн системийн санхүүжилтийн тогтолцоог эрүүл болгох хуулийг баталсан. Эрүүл мэндийн салбарт ямар нэгэн улс төр саад болох ёсгүй гэсэн уриатай бүлэг байгуулж байна.

Жишээ хэлэхэд, өмнө нь яаралтай тусламжийг төр даана гээд эмнэлгүүдэд нь санхүүжилт өгчихөөд тэр санхүүжилтийг аваагүй эмнэлэг нь яаралтай тусламж үзүүлэхээс татгалздаг байсан. Яагаад гэвэл мөнгө орж ирэхгүй, зардал их гардаг.

Харин ЭМД-ын хуулийн өөрчлөлтөөр улсын болон хувийн эмнэлэгт яаралтай тусламж авахаар ирсэн иргэн болгонд санхүүжилтийг нь өгнө. Хэрэв иргэнд яаралтай тусламж авах шаардлага гарвал дуртай эмнэлгээрээ үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ. Заавал даатгалтай байх албагүй. Төрөөс дааж байгаа учраас даатгалаас мөнгийг төлөөд дараа нь төрөөс санхүүжилтээ авах тогтолцоонд орж байгаа юм. Гэхдээ иргэн бүрээ даатгалд хамруулах нь эрүүл мэндийн даатгалын зорилго.

Хөнгөлөлттэй эмийг авахын тулд иргэд, ялангуяа өндөр настанууд дугаарлаж, заавал өрхийн болон сумын эмчээр жор бичүүлж авдаг. Ингээд хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй эмийн сангаас очиж авдаг. Энэ бүх байдлыг халж байна.

Хөнгөлөлттэй эм олгох жорыг бүх түвшний эмнэлгийн байгууллагын эмч нар бичдэг болгож байна

Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Ц.Туваан

Монгол Улсын ард иргэдийн эрүүл мэндийн асуудал төрийн анхаарлын төвд орж ирлээ. 

Хөнгөлөлттэй эмийн асуудал маш төвөгтэй байсан. Хөнгөлөлттэй эмийг олгодог, олгодоггүй эмийн сангууд байсан, үүнийг болиулж бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эмийг олгодог болж байна. Иргэд өөрт ойр байгаа эмийн сангаас хөнгөлөлттэй эмээ авах боломж бүрдэж байна. 

Тухайн иргэний оршин сууж буй газрын өрхийн эмнэлгийн эмч, сумын эмнэлгийн эмч хөнгөлөлттэй эм олгох жорыг бичдэг байсныг болиуллаа.

Хөнгөлөлттэй эм олгох жорыг бүх түвшний эмнэлгийн байгууллагын эмч нар бичдэг болгож байна.

Хуурамч эм болон импортын эмийн үнийн асуудалд зохицуулалт хийсэн

Манай улсын иргэд маш олон төрлийн чанартай, чанаргүй эм хэрэглэдэг. Импортоор орж ирсэн эм иргэдийн гар дээр очихдоо 60-70 хувийн өсөлттэй үнээр борлуулагддаг. Мөн хуурамч эмийн асуудал бий. Эдгээрт зохицуулалт хийсэн.

Яаралтай тусламжийн хүрээнд авто зам дагуу байрласан суурин газрын эмнэлгүүд зам дээр гарсан аваар осолтой холбоотойгоор төсвийнхөө ихэнх хувийг зарцуулчихдаг. Ингэхээр иргэдэд нь очих ёстой мөнгө нь хүрэлцдэггүй болдог асуудал бий. Үүнийг УИХ-аас шийдэж өгсөн гэдгийг хэлэх байна.