Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Флорида мужид генийн өөрчлөлттэй 750 сая шумуулыг байгальд тавих зөвшөөрөл өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2021 ба 2022 онуудад нийтдээ 750 сая генийн өөрчлөлттэй эр шумуулыг Флорида Кис арлуудад тавих эцсийн зөвшөөрлийг АНУ-ын холбооны засгийн газар болон Флорида мужийн захиргаа өгсөн байна.

Орон нутгийн иргэд, байгаль хамгаалах байгууллагууд энэхүү төлөвлөгөөг олон жил эсэргүүцэж байсан ч ийнхүү эцсийн шийдвэрийг гаргажээ.

“Манай үндэстний өмнө Covid-19, арьс өнгөний үзэл, цаг уурын өөрчлөлт зэрэг яаралтай шийдвэрлэх олон асуудал тулгараад байгаа энэ үед татвар төлөгчдийн мөнгийг Юрийн галавын цэцэрлэг маягийн туршилтад зарцуулахаар болсонд харамсаж байна” гэж Хүнсний Аюулгүй Байдлын Төвийн захирал Жэйди Хэнсон мэдэгдсэн байна.

Тэрбээр генийн өөрчлөлттэй шумуулыг чөлөөтэй тавьснаар хүн ба байгальд ямар эрсдэл учруулж болохыг эрх баригчид гүйцэд судлаагүй гэж үзэж байгаа ажээ.

Энэхүү төсөл нь Зика, халуун хумхаа зэрэг хэд хэдэн аюултай өвчнийг тараадаг Aedes Aegypti төрлийн шумуултай тэмцэх зорилготой.

Уг шумуулын генд өөрчлөлт оруулснаар эм авгалдай нь өсөж томорч чадалгүй эрт үхдэг байх OX5034 хувилбарыг гаргаж авсан юм байна. Зөвхөн эм шумуул нь хүнийг хазаж, цус сорохдоо өвчин тараадаг тул ингэж өөрчилжээ.

Харин эр шумуул нь халдварт өвчин тараадаггүй юм байна.

OX5034 шумуулыг Америк эзэмшилтэй, Британид төвтэй Oxitec компани бүтээжээ. Генийн өөрчлөлттэй шумуулыг бүтээх, байгальд тавих асуудал сүүлийн арав гаруй жил маргаан үүсгэсэн юм.

Халдварт өвчин тараагч шумуултай тэмцэхийн тулд Флорида муж өмнө нь зардал өндөртэй янз бүрийн арга хэрэглэдэг байжээ. Харин 2009-2010 онд хумхаа өвчин гарсны дараа мужийн захиргаа тэмцэх өөр арга хайж эхэлсэн байна.

Ингээд 2012 онд Oxitec компанид хандсанаар генийн өөрчлөлттэй шумуулыг байгальд тавих замаар Aedes Aegypti шумуулын өсөлтийг хязгаарлах аргыг туршихаар болжээ.

Ийм шумуулыг байгальд тавьснаар түүгээр хооллодог шувууд, шавьжнууд, хөхтөн амьтдын амьдралд ямар сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг гүйцэд үнэлээгүй гэж эсэргүүцэгчид нь үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: CNN