Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын сөрөг хүчний удирдагч Навальныйн бие гэнэт муудаж, эмнэлэгт хэвтжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн бие өнөөдөр Сибириэс Москва руу буцах замдаа гэнэт муудаж, онгоц нь ослын буулт хийжээ.

Томск хотоос Москва руу нисэж явсан онгоц Омск хотод ослын буулт хийж, ухаангүй болсон Навальныйг эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байна.

Одоо 44 настай улстөрчийг хордуулсан байж болзошгүй талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдээлжээ.

“Алексейн цайнд хор найруулсан байж болзошгүй гэж бид таамаглаж байна. Өнөөдөр өглөө тэр зөвхөн цай уусан” гэж Ярмыш сошиал хуудсаараа мэдээлсэн байна.

Хуульч, авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный сүүлийн жилүүдэд Кремлийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр хэд хэдэн удаа саатуулагдаж байв.

2012, 2014 онуудад Навальныйг Оросын хууль хүчнийхэн баривчилж, хорьсон тохиолдлуудыг Европын Хүний Эрхийн Шүүх шалгаад улс төрийн зорилготой, хүний эрхийг зөрчсөн явдал гэж дүгнэж байжээ.

 

Эх сурвалж: Reuters