Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Лэшань дахь Бурхан багшийн хөлийн хуруунууд 1949 оноос хойш анх удаа усанд автжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ойрын өдрүүдэд Хятадын алдарт Хөх мөрний ус үерлэж, сав дагуу нь амьдардаг олон зуун мянган хүний амьдралд хохирол учруулаад байна.

Ази тивийн хамгийн урт гол болох Хөх мөрний усны түвшин Мягмар гарагт дээд түвшиндээ хүрсний улмаас Сичуань мужийн 100,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Энэ өдөр мөрний зарим хэсэгт усны түвшин ердийн үеийнхээсээ 5 метрээр нэмэгдээд байжээ.

Юнескод бүртгэлтэй 1,200 жилийн настай түүхэн дурсгал болох Лэшаний 71 метр өндөр Бурхан багшийн аварга хөшөөний хөлийн хуруунууд үерийн усанд автсан нь 1949 оноос хойших анхны тохиолдол болсон байна. Орон нутгийн албан хаагчид, иргэд хөшөөг хамгаалахаар элстэй шуудайгаар хашилт босгожээ.

Харин Лхагва гарагт үерийн ус татарснаар Бурхан багшийн хөлийн хуруунууд уснаас ил гарсан байна.

Энэ онд Хятад даяар үерийн улмаас 200 гаруй хүн амиа алдаж, $25 тэрбумтай тэнцэх хэмжээний хохирол учирсан талаар эрх баригчид саяхан мэдээлсэн юм.

Хөх мөрөн нь Түвдийн өндөрлөгийн мөсөн голуудаас эх авч, зүүн зүгт 6,418 км зам туулан урссаар Шанхай хотын ойролцоо Зүүн Хятадын тэнгист цутгадаг байна.

 

Эх сурвалж: Reuters