Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн үйлдвэрийн ажилчид Лукашенког огцрохыг шаарджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Минск хотын захад орших төрийн өмчит үйлдвэрт зочилжээ.

МЗКТ нэртэй уг үйлдвэр нь цэрэг армийн зориулалттай машин үйлдвэрлэдэг юм байна. Беларусийн эдийн засаг Зөвлөлтийн үеэс үлдсэн ийм үйлдвэрүүд дээр оршин тогтдог. Лукашенкогийн зорилго нь Ням гарагт болсон томоохон эсэргүүцлийн жагсаалын дараа ажилчин анги өөрийг нь дэмжиж байгааг харуулах байв.

Гэтэл үйлдвэрийн ажилчид Лукашенког үг хэлүүлэлгүй, огцрохыг шаардан хоолой нийлүүлэн уухайлж байжээ. Лукашенко энэ үеэр “Та нар сонгуулийг шударга бус болсон гэж үзээд дахин явуулах тухай ярьж байна” гэж хэлэхэд ажилчид “Тийм!” гэж хоолой нийлүүлэн хариулсан байна.

Дараа нь тэр “Миний хариулт бол: Сонгууль болдгоороо болсон. Намайг амьд байгаа цагт дахин сонгууль болохгүй” гэж хэлжээ.

Тэрбээр өөрийнх нь дэглэмгүйгээр Беларусь улс оршин тогтнохгүйг энэ үеэр хэлсэн байна.

“Тиймээ, би гэгээнтэн биш. Намайг хатуу хүн гэдгийг та нар мэднэ. Гэхдээ миний хатуу гаргүйгээр энэ улс оршихгүй гэдгийг та нар бас мэдэж байгаа” гэж Лукашенко ажилчдад учирлажээ.

Даваа гарагт Беларусь даяар олон үйлдвэр, албан байгууллагад ажил хаялт болж, Лукашенког огцрохыг шаардсан байна.

Тухайлбал Минскийн Тракторын үйлдвэрийн 14,000 орчим ажилчнаас 4,000 нь эсэргүүцэл илэрхийлжээ. Лукашенкогийн дэглэмийн гол суртал нэвтрүүлэгч болох төв телевизийн 2,000 ажилтны 300 орчим нь эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн байна.

Лукашенко өчигдөр үндсэн хуулийн өөрчлөлт хийх эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулсны дараа дахин сонгууль явуулах хувилбар санал болгосон нь үнэндээ цаг хожих гэсэн хэрэг гэж ажиглагчид дүгнэжээ.

Тэр бас хөрш ОХУ-аас цэргийн тусламж гуйгаад байгаа. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэгэнт байр суурь нь дэнжигнэсэн Лукашенког хамгаалахын оронд төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцад оролцох төлөвлөгөөтэй байж болзошгүйг судлаачид хэлж байна.

Эх сурвалж: The Guardian, BBC