Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын “Үхлийн хөндий”-д 54.4 хэм хүрч халсан нь хүний хэмжсэн хамгийн өндөр агаарын температур байж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн үдээс хойш АНУ-ын Калифорни мужийн “Үхлийн хөндий” хэмээх газарт байрладаг цаг уурын автомат станц агаарын температур Цельсийн 54.4 хэм хүрснийг бүртгэж авжээ.

Энэ нь урьдчилсан хэмжилтийн үр дүн бөгөөд удахгүй бусад хэмжилтүүдтэй харьцуулж, баталгаажуулсны дараа албан ёсны болох аж.

Хамгийн сүүлд 1913 оны долдугаар сард мөн “Үхлийн хөндий”-д Цельсийн 56.7 хэм хүрч халсныг Дэлхийн Цаг Уурын Байгууллага (WMO) хүн төрөлхтний хэмжсэн манай гарагийн агаарын хамгийн өндөр температур гэж тооцдог.

Умард Африкийн Ливид 1922 оны есдүгээр сард Цельсийн 58 хэм хүрснийг өмнө нь дээд үзүүлэлт гэж тооцдог байсан ч WMO судалж үзээд тухайн үед хүний алдаанаас шалтгаалан буруу хэмжсэн гэсэн дүгнэлтийг 2013 онд гаргаснаар “Үхлийн хөндий”-д 1913 оны зун ажиглагдсан агаарын температурыг хамгийн өндөр нь гэж үздэг болжээ.

Гэхдээ олон судлаач 1913 оны агаарын халалтыг ч бас тухайн үеийн техникийн найдваргүй байдлын улмаас алдаатай хэмжигдсэн, эргэлзээтэй гэж үздэг. Тиймээс Ням гарагт хэмжигдсэн агаарын температур нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр нь байх магадлалтай байна.

 

Эх сурвалж: The Guardian