Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландад халдварын шинэ голомт илэрсэнтэй холбогдуулан сонгуулиа сараар хойшлууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн парламентын сонгуулийн санал хураалт болох өдрийг нэг сараар хойшлуулж байгаагаа өнөөдөр зарлалаа.

Тус улсын хамгийн том хот Оклэндэд коронавирусийн халдварын шинэ голомт илэрч, хоёр долоо хоногийн хөл хорио тогтоосноос шалтгаалан ийм шийдвэр гаргажээ. Сонгогчид нэр дэвшигчид, намуудын талаар хангалттай мэдээлэл авч чадсаны дараа сонголтоо хийх нь зөв гэж үзсэнээ Ардерн тайлбарласан байна.

Сонгуулийн санал хураалтын өдөр есдүгээр сарын 19 байсныг аравдугаар сарын 17 болгон хойшлуулсан юм. Оклэндийн нэг гэр бүлээс гаралтай 49 халдварын тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байна.

Энэхүү дэгдэлтээс өмнө Шинэ Зеланд улс дотооддоо ганц ч халдварын тохиолдолгүй 102 хоногийг өнгөрүүлээд байв.

Энэ удаа коронавирусийн халдвар гадаад орноос зөөвөрлөгдөж ирсэн гэж таамаглаж байна. Гэхдээ яг ямар замаар орж ирснийг нь тогтоож чадаагүй байгаа юм.

Оклэндийн хөл хориотой холбоотой сонгуулийн кампанит ажлыг зогсоосон тул сөрөг хүчний намууд сонгуулийг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Жасинда Ардерн цар тахлын нөхцөл байдал цаашид яаж ч өөрчлөгдсөн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлуулах бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна.

Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харвал Ардерны тэргүүлдэг Либерал Хөдөлмөрийн Нам хоёр дахь удаагаа засгийн газрыг тэргүүлэх өндөр магадлалтай байгаа. Цар тахлын эсрэг амжилттай тэмцэж байгаа нь Жасинда Ардерны нэр хүндийг өсөхөд голлон нөлөөлж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Associated Press