Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ням-Очир: Дэглэмээ сайтар сахиж байвал хувийн хэвшлийн сургуулийн нэг ангид 25 сурагч хичээллэх боломжтой

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр Монгол Улсын Засгийн газрын долдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар эцэслэгдсэн. Ингэхдээ халдвар хамгааллыг дэглэмийг баримтлах, эрсдлийг бууруулахын тулд анги дүүргэлтийг 20 байхаар тогтоосон билээ. 

Харин ерөнхий боловсролын хувийн хэвшлийн сургуулиуд нэг ангидаа дунджаар 25 сурагчтай байдаг тул бүлэг хуваах шаардлагатай болох уу гэх асуудал гараад байгаа юм. Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

-Хувийн хэвшлийн сургуулиуд нэг ангидаа дунджаар 25 сурагчтай байдаг. Сурагч хоорондын зайг баримтлах 25 хүүхэд суралцуулах боломж бий юу, эсвэл Засгийн газрын шийдвэрийн дагуу 20 гэсэн хязгаарыг баримтлах уу?

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа цаашид хэвээр үргэлжилбэл хүүхэд хоорондын зайг барьж, бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай тул нэг ангид хичээллэх хүүхдийн тоог 20 байхаар тогтоосон. 

Хэрэв нэг ангид байх хүүхэд хоорондын зай нь 1-1.5 метр байх хэмжээний талбайтай, бөөгнөрөл үүсгэхгүйгээр орж, гарах урсгалтай байх гэх мэтээр дэглэмээ сахиж байвал нэг ангид 25 хүүхэд суралцах боломжтой. 

Гэхдээ эдгээрийг баримтлах боломжгүй байвал нэг бүлэгт байх сурагчийн тоог цөөн байлгах, шинээр анги танхим зохион байгуулах шаардлагатай болно.

-Танхимд хичээллэхдээ сурагчид амны хаалттай байх шаардлагатай юу?

-Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зааврын дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг амны хаалт зүүх зөвлөмжийг боловсруулж байна. 

Олон улсын болон мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг харахад биеийн тамир, дуу хөгжмийн хичээлээс аль болох татгалз гэж байгаа. Тиймээс эдгээр хичээлийг зайнаас заах сургахаар төлөвлөж байна. Мөн танхимын сургалтын хичээлийн эхний тодорхой хугацаанд COVID-19-ийн тухай мэдээлэл өгөх, эрүүл мэндийн зөв дадал олгохоор зөвлөмжид тусгаж байгаа. 

Түүнчлэн хоорондын зайг баримтлуулан дасгал хөдөлгөөн хийлгэхээр төлөвлөсөн. 

-Хувийн хэвшлийн сургуулиуд Засгийн газрын шийдвэрийн дагуу гурван өдөр танхимын хичээлээ үзээд, хоёр өдөр нь агуулгаа бататгах давтлага хичээл гэх мэтээр бусад  сургалт, нэмэлт агуулгыг судлуулах боломжтой юу?

-Нэг бүлэгт байх хүүхдийн тоо цөөн, сурагч хоорондын зайгаа бариад хичээллэхэд нэг ээлжээр орох боломжтой сургуулиуд байхыг үгүйсгэхгүй. Хэрэв сургууль, эцэг, эх хооронд байгуулдаг гэрээндээ тодорхой тусгаж, нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэхээр болбол энэ нь боломжгүй зүйл биш. 

Бид аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байх бодлого барьж байгаа. Хувийн сургуулиуд хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай нарийвчилсан зөвлөмж гарсны дараа хамтарч ажиллах боломжтой. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоог хүлээн авч уулзахдаа эцэг, эхчүүдтэй нягт хамтран ажиллах, төлбөрт уян хатан хандахыг хүссэн. 

-Сургуульдаа танхимаар хичээллэх цаг багассанаар "Үдийн цай" хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих үү?

-Энэ жилийн хувьд "Үдийн цай" хөтөлбөрөөр дамжуулж, сурагчдын дархлааг дэмжихийг зорьж байна.

Тэрчлэн амьжиргааны баталгаажих түшингээс доогуур сурагчид ч бий. Тухайн өдөрт авдаг шим тэжээлийнхээ дийлэнхийг сургуулийн үдийн цайгаараа авдаг сурагчид байхыг ч үгүйсгэхгүй тул "Үдийн цай" хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр үргэлжлүүлнэ.