Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн.
Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцуулж байна.
БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн "Цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их, дээд сургуулийн хичээлийг тасалдуулаагүй. Цахим болон теле хэлбэрээр сургалтыг үргэлжлүүлж, амжилттай дуусгасан.
Нөхцөл байдал амаргүй байгаа ч иргэдийнхээ сурч боловсрох эрхийг хангах үүднээс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх албан ёсны шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Ингэхдээ танхимын болон танхимын бусаар хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон бөгөөд хичээлийн жил эхлэх хүртэл нэг сарын хугацаанд бэлтгэл ажлаа хангахыг сайд нарт үүрэг болгосон.
Танхимын сургалт эхлэх хуваарь:
Харин есдүгээр сарын 1-нээс бүх шатны сургалтын байгууллагууд цахим болон теле хэлбэрээр хичээлээ үзнэ.
Одоогийн нөхцөлд танхимын сургалтыг эхлүүлэх нь зоригтой шийдвэр болж байгаа бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоо ч ихээхэн хэрэгтэйг анхаарахыг хүсье.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн нэг ангид байх хүүхдийн тоог 20 гэж тогтоосон. Энэ нь бүх шатлалд хамаарна.
Хоёр настай хүүхдийг 2020-2021 онд цэцэрлэгт элсүүлэх боломжгүй.
Цэцэрлэгийн багтаамжаас хамаарч 3-4 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл үргэлжлүүлэн орно. Харин ирэх жил сургуульд элсэн суралцах учир таван настнуудыг цэцэрлэгт бүрэн хамруулна" гэлээ.
Мөн энэ хичээлийн жилд танхимд судлах хичээлийн тоог багасгахаар төлөвлөжээ. Ингэхдээ бүх ангид монгол хэл, математик хичээлийг танхимаар судлуулна.
Дунд ангийнханд байгалийн ухааны хичээлүүд, ахлах ангид сонгон судлах хичээлийг танхимаар заах юм. 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сар гаруйн хугацаанд энэ хувилбараар хичээллэн, цаашид боломжтой бол хичээлийн тоог нэмсээр байх аж.
Түүнчлэн хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг сар, улирлаар нь авах боломжтой уян хатан нөхцөлийг бүрдүүлэхээр болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!