Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн дарангуйлагчтай сонгуульд өрсөлдөхөөр санамсаргүй тодорсон гэрийн эзэгтэй

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ажил хийдэггүй, гэрийн эзэгтэй, 37 настай Светлана Тихановская санамсаргүй Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Европын сүүлчийн дарангуйлагч хочтой Александр Лукашенкотой өрсөлдөхөөр болоод байна.

Наймдугаар сарын 9-ний өдөр сонгуулийн санал хураалт болох ба Лукашенко зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдохыг зорьж байгаа юм.

Тихановскаягийн нөхөр 41 настай Сергей улсдаа алдартай YouTube блогчин. Тэрбээр сонгуульд нэрээ дэвшүүлэх зорилготой байсан ч Беларусийн хууль хүчнийхэнд баривчлагдан саатуулагдсан тул өрсөлдөх боломжгүй болжээ.

Ингээд түүний гэргий Светлана нөхрийнхөө оронд нэр дэвшихээр болсон юм. Беларусийн сонгуулийн хороо сөрөг хүчний хоёр хүчтэй нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан ч англи хэлний багш мэргэжилтэй Светланаг бүртгэсэн нь гайхмаар шийдвэр байлаа.

“Би нөхөртөө маш их хайртай тул түүний үйл хэргийг үргэлжлүүлэхээр шийдлээ. Беларусийн ард түмэнд би өөр сонголт хийх боломж олгохыг хүсч байна” гэж Светлана Тихановская ярьж байна.

Хэдийгээр улс төрийн ямар ч туршлага байхгүй ч олон арван мянган хүн түүнийг дэмжихээ илэрхийлэн гудамжинд жагсжээ.

Светлана хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг бодолцон таван настай охин, 10 настай хүүгээ гадаад руу явуулаад байгаа. Сонгуульд ялбал тэр нөхрөө болон бусад сөрөг хүчний нэр дэвшигчдийг суллаад дахин сонгууль явуулахаа амлаж байна.

Беларусчуудын зарим нь Светланаг “санамсаргүй тодорсон Жанна Д’Арк” гэж өргөмжилжээ.

Нобелийн шагналт Беларусийн зохиолч эмэгтэй Светлана Алексиевич түүнд саналаа өгөхөө илэрхийлээд байна. Светлана саяхан BBC агентлагт англи хэлээр ярилцлага өгсөн нь ямар ч гадаад хэлгүй Лукашенкогоос түүнийг ялгаруулж өгсөн юм.

Гэхдээ түүний улс төрийн үзэл бодол тодорхой харагдахгүй байгаа нь зарим хүмүүст эргэлзээ төрүүлж байна. Жишээ нь тэр саяхан Крымийн хойг аль улсын газар нутаг болохыг асуухад “Украиных, гэхдээ бодит байдал дээр Оросынх” гэж хариулсныхаа дараа “Дахиж ийм асуултаар намайг бүү зовоо” гэж сэтгүүлчид анхааруулжээ.

 

Эх сурвалж: AFP