Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ дахь бизнесээ зарах 45 хоногийн хугацааг TikTok-ийн эздэд өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хятадын сошиал платформ TikTok-ийн эзэн компанид АНУ дахь бизнесээ зарах 45 хоногийн хугацаа өгснөө ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.

Хэрвээ есдүгээр сарын 15-наас өмнө бизнесээ Америкийн аль нэг компанид зарж чадахгүй бол үйл ажиллагааг нь хориглохоор болсон байна.

Үүнээс гадна TikTok-ийн наймааны дүнгээс АНУ-ын засаг захиргаа том хувь хүртэх ёстойг тэр хэлсэн юм. Хувийн компаниудын наймаанд эрх баригчид оролцож байсан түүхгүй тул Трампын ярьж буй хувь шимтгэл хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байна.

“Ямар ч үнээр зарагдсан байсан их хэмжээний хувь шимтгэл авах болно. Учир нь манай засаг захиргаа ийм наймаа хийх боломж олгож байгаа. Энэ бол газрын эзэн, түрээслэгчийн хоорондын харилцаатай адилхан зүйл” гэж Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамп мэдэгджээ.

Энэ мэдэгдлийнхээ өмнө Трамп ярихдаа TikTok-ийг Майкрософт компани худалдаж авахыг эсэргүүцэхгүй гэж хэлсэн юм.

Бээжинд төвтэй Хятадын технологийн компани ByteDance-ийн эзэмшдэг TikTok сошиал платформ нь АНУ-ын зах зээлд 80 сая орчим хэрэглэгчтэй гэдэг. Трампын засаг захиргаа тус компанийг хэрэглэгчийн мэдээллийг Хятадын тагнуулын албатай хуваалцдаг нь үндэсний аюулгүй байдалд харшилж байна гэсэн шалтгаанаар хориглох тухай ярьж эхэлсэн юм.

Майкрософтоос гадна Америкийн хоёр ч компани TikTok-ийг худалдаж авахаар сонирхож байгаа гэсэн мэдээлэл бий. Tус платформын зах зээлийн үнэлгээ $50 тэрбум хүрнэ гэж үздэг.

Гэхдээ Трампын засаг захиргааны шахалтан дор наймаа яригдаж байгаа тул үүнээс бага үнэ хүрнэ гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters