Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигын дуулианд холбогдсон Испанийн экс хаан эх орноосоо дүрвэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Испанийн эзэн хаан VI Фелип эцэг Хуан Карлосын хамт

Авлигын дуулианд холбогдсон Испани улсын өмнөх эзэн хаан Хуан Карлос эх орноосоо дүрвэх болсноо өчигдөр зарлажээ.

82 настай тэрбээр өөрийн хүү, одоогийн эзэн хаан VI Фелипд бичсэн захиандаа энэ төлөвлөгөөг мэдэгдсэн байна.

Сүүлийн үед Хуан Карлосын нэр дээр Саудын Арабаас илгээсэн хууль бус мөнгөний асуудал дэлгэгдэж, энэ хэргийн мөрөөр Испани, Швейцарийн хуулийн байгууллагууд ажиллаж эхэлсэн юм.

2008 онд Саудын Арабаас $100 саяыг Швейцарийн банкны нууц данс руу шилжүүлж байжээ. Испанийн шүүх өнгөрсөн зургаадугаар сард энэ мөнгөний мөрөөр шалгаж эхэлсэн ч эзэн хааны халдашгүй статусын улмаас зөвхөн хаан ширээнээс бууснаас нь хойшх хугацааны үйл ажиллагааг шалгаж байгаа.

Экс хааны нууц амраг асан Германы бизнесмэн эмэгтэй Коринна Ларсентай холбоотой баримтууд анх 2018 онд хэвлэлд ил болсноос бүх зүйл эхэлжээ.

Тухайн үед Испанийн компаниудын консерциум Саудын Арабын шашны ариун газрууд болох Мекка, Медина хотуудыг өндөр хурдны төмөр замаар холбох $8 тэрбумын тендэрт шалгарсан юм. Ингэж шалгарахад нь тусалсан эзэн хаан их хэмжээний мөнгөн шагнал авч, үүнээсээ Кориннатай хуваалцсан гэж сэжиглэж байна.

Эзэн хаан ямар улс орон руу цагаачлах гэж буй талаар мэдээлэл ил болоогүй байна.

Дээрх авлигын дуулиан дэгдсэний дараа гуравдугаар сард түүний хүү, одоогийн эзэн хаан VI Фелип олон нийтийн итгэлийг олж авахын тулд өв залгамжлалаасаа татгалзаж, эцэг хаанд жил бүр ордноос төлдөг $228,000-ын тэтгэмжийг зогсоох шийдвэр гаргаж байв.

Хуан Карлос нь Франциско Франкогийн фашист дэглэм нурсны дараа 1975 онд хаан ширээнд сууж, 38 жилийн дараа 2014 онд хүү Фелипд ширээгээ залгамжлуулсан юм.

Тэрбээр 1939-1975 онд тогтож байсан фашист дэглэмээс Испани орныг гаргаж, ардчилсан нийгэмд шилжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн хэмээн хүндлэгддэг.

 

Эх сурвалж: AFP