Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хөлсний цэргүүдийг баривчилснаа Беларусийн засгийн газар мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Беларусь улсын засгийн газар Оросын хөлсний цэргүүдийг тус улсын нутаг дэвсгэрээс баривчилснаа өчигдөр мэдээлжээ.

БелТА агентлагийн мэдээлснээр Оросын хувийн хамгаалалтын компани Вагнерын 32 хөлсний цэрэг нийслэл Минск хотын ойролцоо Беларусийн тусгай хүчнийхэнд баривчлагдсан гэнэ.

Тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, тагнуулын албаны даргадаа Оросын талаас тайлбар шаардах даалгавар өгсөн байна.

Наймдугаар сарын 9-ний өдөр Беларусьт ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох гэж байгаа. Сонгуулийн үеэр улс орны дотоодод үймээн самуун, тогтворгүй байдал үүсгэх зорилготой хөлсний цэргүүд Беларусьт ирсэн гэж албаныхан сэжиглэж байна.

Одоо 65 настай, 26 жил Беларусийг удирдаж буй Лукашенко энэ сонгуулиар зургаа дахь удаагаа сонгогдох зорилготой байгаа юм. Тэрбээр Зөвлөлт Холбоот Улсыг задарсны дараа бий болсон Беларусь улсыг өөртөө нэгтгэх санаатай хэмээн Оросын эрх баригчдыг байнга буруутгадаг.

Вагнер компанийн ард 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон хэргээр ял сонссон Оросын бизнесмэн Евгений Пригожин байдаг гэсэн таамаг бий. Тус компани Сири, Ливид олон зуун хөлсний цэрэг илгээсэн гэсэн яриа ч байдаг.

Харин Беларусийн сөрөг хүчнийхэн Лукашенког өөрийнх нь эсрэг хөдөлгөөний эрчийг сааруулж, иргэдийн анхаарлыг өөр чигт хандуулах зорилгоор Вагнерын хөлсний цэргүүдийг ашиглаж байна гэж шүүмжилжээ.

Беларусийн хараат бус батлан хамгаалахын мэргэжилтэн, судлаач Александр Алесин хэлэхдээ Орос улс гадаадад нууц цэргийн ажиллагаа явуулахдаа Беларусь улсыг дамжин өнгөрөх корридор болгон ашигласаар ирсэн тул Вагнерын хөлсний цэргүүд баривчлагдсан нь гайхах зүйл биш гэж ярьжээ. Мөн Беларусьт үзүүлдэг эрчим хүчний хөнгөлөлтөө багасгасанд бухимдсан Лукашенко ийм замаар Москвагийн эрх баригчдад анхааруулга өгч байж болзошгүй гэж тэр дүгнэж байна. 

 

Эх сурвалж: Associated Press