Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын УЗ-ийн хурлаар сайд нарын томилгоог хэлэлцэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ЗГХМОНХХ-ээс авав.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо Төрийн ордонд хуралдаж, Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэж байна.  

УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг баталснаар 17 сайд, 14 яамтайгаар Засгийн газар байгуулагдахаар болоод буй. Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилно. 

Хэдийгээр Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд захирамж гарган сайд нарыг томилох ч эрх баригч намын хувиар эхлээд намын удирдлагын түвшинд тохиролцох бололтой. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна УИХ-ын дөрөв хүртэл гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохыг хуульчилсан. Тэгвэл шинээр бүрдсэн парламентаас хэн, хэн давхар дээлтэй болох нь бараг тодорхой болжээ. 

Хамгийн эхнийх нь өмнөх Засгийн газарт Хэрэг эрхлэхийн даргаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын гал тогоог барьж, сонгуульд ч намынхаа даргатай нэг тойрогт хамт дэвшсэн тэрбээр энэ албан тушаалд өрсөлдөгчгүйгээр бичигдсэн байна. 

Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газрын томоохон ажлын нэг болох "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хариуцан, гардан боловсруулсан учраас эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх зорилгоор давхар дээл өмсөх хамгийн эхний гишүүнээр түүнийг сонгосон бололтой. 

Харин УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, мөн л дахин Засгийн газрын танхимд ажиллахаар болсон хоёр дахь хүн нь Ч.Хүрэлбаатар. Түүнийг дахин Сангийн сайдаар ажиллуулахаар Ерөнхийлөгч зүтгүүлсэн бөгөөд цар тахлын улмаас эдийн засаг хүндрээд буй энэ цаг үед Сангийн сайдыг улираан ажиллуулах санал дэмжигдсэн гэх мэдээлэл бий.

Гэвч өнгөрсөн хугацаанд Ч.Хүрэлбаатар улиран сонгогдох хэмжээнд хүртэл ажилласан уу гэдэг нь иргэдийн хувьд эргэлзээтэй. Өмнөх Засгийн газрын үед Ч.Хүрэлбаатарын ах дүүс "Хотгор шанага"-ын нүүрсний уурхайг гадныханд зарсан гэх дуулиан дэгдсэн. Уурхайн захирал нь Ч.Хүрэлбаатарын ах дүүс уурхайг зарсан гэдэг ч энэ хэргийг АТГ-аас шалгаж байгаа гэсээр намжсан билээ.    

Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллах хугацаанд эдийн засаг тодорхой хэмжээнд өссөн ч өрхийн түвшинд амьдрал дээшилж, ажилгүйдэл, ядуурал дорвитой буураагүй. Түүнээс гадна цар тахлын үед Засгийн газрын хэрэгжүүлсэн хоёр багц арга хэмжээ байгаа оноогүй төдийгүй COVID-19-ийн хүндрэлийн улмаас орлог тасалдаж, тавдугаар сард төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалд хүрчихээд байхад ч "Төсөв тодотгохгүй" хэмээн гүрийсээр сонгуулийг өнгөрөөсөн. Өнөөдөр Монгол Улсын татварыг бүрдүүлэгч гол хүч болох аж ахуйн нэгжүүдийн 93% нь коронавирусээс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээнээс шалтгаалж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирсан бол 84.8%-ийнх нь орлого буурсан гэсэн судалгаа гараад буй.

Мөн давхар дээлтэй байх үлдсэн хоёр суудалд Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын нэр яригдаж байгаа юм.