Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Том Терри: Амьдралд маань том өөрчлөлт авчирсан Монгол Улсаа их санадаг аа

Өдрийн сонин
2020 оны 6 сарын 8
Өдрийн сонин
Зураг зураг

Монгол Улсад ардчиллын үнэ цэнийг хамгаалахын тулд “Өдрийн сонин”, “Ийгл ТВ” хоёроос өөр дуугардаг хэвлэл, мэдээлэл, мэдээлэл байхгүй байсан үе саяхан. Тэр үеийн “Ийгл ТВ”-ийн ерөнхий захирлаар ажиллаж Монгол нутагт арваад жилийг өнгөрүүлсэн Том Терри хэмээх нэгэн сайхан бодь америк эртэй ярилцлаа.

-Сайн байна уу Том, Монгол уламжлалаар сайхан зусаж байна уу гэж мэндчилье дээ.

-Сайн байна уу Батаа, манай энд сайхан зун болж байна аа.

-Таны ажил төрөл тавлаг уу, Монголоо санаж байна уу?

-Би одоохондоо Флорида муждаа ажиллаж, амьдраад байж л байна. Санаа, бодол нийлдэг хэдэн нөхдүүдтэйгээ JESUS гэдэг кино төсөл дээр ажиллаж байгаа.

Би төслийнхөө кинонуудын өргөн дэлгэцийн нэвтрүүлгийн бодлого.стратегийг хариуцдаг юм. Хийж байгаа зүйлс маань овоо хүртээлтэй, одоогийн байдлаар 111 оронд киногоо цацаж 186 сая үзэгчид хүртээл болгочихоод сууж байна.

Миний хувьд бас Америк, Өмнөд Америк, Ойрх Дорнод, Африк тивийн хэд, хэдэн орнуудын радио, телевизийн сувгуудад гэрээт зөвлөгөө өгдөг үүрэгтэй, тэр ажил маань надад их таалагддаг. Нэг ийм байдлаар л амьдарч байна даа.

Монголын тухай юу. Тийм ээ, бид Монголоо тоймгүй их санадаг. Санахгүй байхын аргагүй сайхан нутаг шүү дээ, Монгол чинь. Монгол Улс надад болон миний гэр бүлийн амьдралд асар их өөрчлөлт авчирсан. Охид маань бид хоёроос илүү Монголоо ярина гээч. Тэд чинь жаахан байхдаа л Монголд ирж тал нутгийн хүмүүжлээр бойжсон болохоор энд ерөөсөө идээшдэггүй ээ.

Орон, гэр нь тэр чигээрээ монгол эд, зүйлсээр чимэглэгдсэн хүмүүс байдаг бөгөөд манайд ирэхээрээ Монголынхоо тухай зайгүй ярьсаар байгаад л явдаг юм. Бид чинь Монголын америкчууд шүү дээ (инээв).

-Тантай Америк орны өнөөгийн байдлын талаар жаалхан ярилцах гэсэн юм аа?

-За тэгье. Гэхдээ зөвхөн миний өөрийн хувийн бодол гэж ойлгоорой.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал манайд ч, танайд ч хүмүүсийн тайван амьдрал ыг бусниулж байна. Гэхдээ Америкт илүү өргөн тархчихлаа. Танайх яагаад ийм их газар авсан өвчлөлд нэрвэгдчихэв ээ?

-Би түрүүн хэлсэн дээ, бид Флоридад амьдарч байгаа гэж. Бидний амьдарч байгаа нутагт коронавирусийн тархалт харьцангуй бага байгаа учир бурхны авралаар бид эрүүл, өвчлөлд нэрвэгдээгүй байгаа. Тиймээс гэр бүлээ азтай гэж яриад сууж байна.

Америк улс маань өөрөө түмэн улсын хүмүүс орж, гарч, холхиж байдаг нутаг учраас коронавируст илүү өртсөн байх. Мэдээж бидний амьдралд өнгөрсөн хоёр cap хүнд туслаа. Засгийн газрын шийдвэр, хязгаарлалтаас шалтгаалан хэдэн cap хаашаа ч гарч чаддаггүй, хөдөлж болдоггүй хэцүүхэн л байна.

Халдвар авсан, биеийн байдал нь хүнд байгаа хүмүүст муж болгон өөрт байгаа боломжоороо тусалж эсэн мэнд давахын төлөө зүтгэж л байна.

-Засаг, төрөөс чинь иргэдээ хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч байна. Танд жишээ нь санхүүгийн тал дээр яаж тусалж байна вэ?

-Холбооны засгийн газар ажлын байраа алдаж буй хүмүүст ерөнхийдөө мөнгөн тусламж үзүүлж байгаа. Жишээ нь, манай мужид ажлын байраа алдсан насанд хүрсэн хүн бүрт долоо хоногийн 1,200 ам. доллар өгч байна. Мэдээж ийм байдлаараа удаан явахгүй нь ойлгомжтой шүү дээ.

Хамгийн хэцүү нь тооцоолоогүй, төсөвлөөгүй нөхцөл байдлаас шалтгаалан Америкийн Засгийн газар өчнөөн их наяд ам. долларын өрөнд унаж байна шүү дээ. Хэрвээ цар тахал намжихгүй бол Засгийн газраас үзүүлж буй тусламжаа үргэлжлүүлэн олгоно гээд л яриад байгаа. Хэцүү байна даа. За яах вэ, сайн цаг ирнэ гэж найдъя.

-Коронавирустэй давхцаад энэ үймээн шуугиан, жагсаал цуглаан Америк орныг бас нэлээд доргиогоод байх шиг.

-Харин тийм ээ. Зовлон ганцаараа ирдэггүй гэж монголчууд маань ярьдаг үнэний ортой юм. Тун аймшигтай цаг үе урсаж байна шүү.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй асуудлууд Америкт бий. Тиймээс энэ асуудлаа шийдвэрлэх шаардлага бий юү гэвэл мэдээж тийм гэж хариулна. Гэхдээ зөв шаардлага тавиад тайван жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж буй ард түмний тэмцлийг үймээн самуун, хулгай, дээрэм хийгээд байгаа муу хүмүүс муухай харагдуулаад байна.

Хулгай, дээрэм, үймээн самуун хяналтаас гарчихаад байна. Манай нэг охины нөхөр цагдаа юм л даа. Бас Монголд амьдарч, өсөж бойжсон залуу бий. Тэр маань их л аймшигтай зүйлс ярих юм. Тэр бусниулаад байгаа хүмүүс эх орноо сүйтгэж байна гэдгээ ойлгож байгаа юм уу. Утга алга.

-Монголд зөвхөн дэлхий нийтийн хэвлэлд гарч байгаа мэдээллээр л үнэн, худлыг шүүн бичиж байгаа. Харин та яг тэнд амьдарч байгаа америк хүний хувьд бодит байдлыг жаахан яриач.

-Энд их сонин нөхцөл байдал үүсээд байна аа. Америк орон чинь чөлөөт сэтгүүл зүйгээрээ дэлхийг манлайлж байсан улс шүү дээ. Гэтэл сүүлийн үед ихэнх америкчууд хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүдэд итгэх итгэл алдагдаад байна.

Америкт үнэхээр шударга, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл (Монгол залуустай хамт бидний эхлүүлж байсан Eagle TV шиг) гэж байхгүй боллоо. ТВ мэдээнүүд бүгд Трампын эсрэг, учир нь тэд хараат бус байх чанараа алдчихсан. FOX News болохоор Трампыг тоймгүй магтаад л.

Ер нь хэвлэл мэдээллээр гарч буй зүйлс бодит байдлаас тэс өөр, хараат байдалтай ажиллаад байгаа нь илт анзаарагддаг. Туйлширсан сэтгүүл зүй Америкийн хэвлэл мэдээллийг сүйтгэж байна даа.

-Эрхэм Терри, энэ тэгээд эсэргүүцлийн жагсаал юм уу, эсвэл ашиг хонжоо хайсан түйвээгчдийн үймээн юм уу?

-Хоёулаа. Хар арьстнуудын эсрэг авч хэрэгжүүлсэн цагдаагийн харгис хэрцгий үйлдлийг эсэргүүцэж байгаа олон хүмүүс бий. Эсэргүүцэхэд буруу зүйл алга. Гэхдээ энэ нь дэлгүүрүүдийг ухаж тонож, дээрэмд гэсэн үг биш шүү дээ. Т ийм хүмүүс зөндөө олон гараад ирлээ.

Олон ч цагдаа халдлагад өртөж, гэмтэж, алагджээ. Яагаад тэр тухай ярихгүй байна. Би хувьдаа хүргэнийхээ төлөө маш их санаа зовж залбирдаг. Тэр чинь шударга сайн цагдаа юм шүү дээ, муу залуус таарвал түүнийг сайн, муу гэж харахгүй, цагдаа байна гэж заналхийлэх тул.

-Цаашдаа коронавирус, жагсаал, цуглаан яаж дуусах бол, дэлгүүр, хоршоогоо дээрэмдүүлсэн жирийн хүмүүс хэнээс, яаж хохирлоо барагдуулдаг юм бэ?

-За даа, ихэнх дээрэм, тонуул хийгээд байгаа хүмүүс тэгээд гэм зэмгүй, арилаад өгнө биз. Цагдаа бие бүрэлдэхүүн хүрэлцэхгүй, хүчин мөхөсдөөд байна шүү дээ. Тийм учраас л Трамп цэргийн хүчнийг ашиглана шүү гээд мэдэгдээд байгаа. Цэрэг ашиглахад бас муж болгоны хуульд яаж заасан бэ гэдгээс их шалтгаална л даа.

-Ирэх намар болох ерөнхийлөгчийн сонгуультай энэ үймээн самуун холбоотой, Трампыг унагахын тулд Демократ нам ийм юм хийж байгаа гээд бичээд байх юм.

-Таны бодолд үнэний хувь их бий гэж би бодож байна. Мэдээжийн хэрэг эсрэг улс төрийн нам нь  өрсөлдөгчөө унагаахын тулд ямар ч боломжийг алдахгүй ашиглах нь ойлгомжтой шүү дээ. Өнөөгийн Америкийн улс төрийн мөн чанар ийм л байна. Эх орондоо бол хэрэггүй дэмий зүйл, хэцүү үед бие биеэ түших л хэрэгтэй юмсан.

-Трамп ер нь Америк орны хувьд хэр зэргийн сайн ерөнхийлөгч вэ. Энэ дөрвөн жилд таны бодлоор Трамп юу олж, алдсан бол?

- Аз болоход Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн дөрвөн жилд маш хэрэгтэй шинэчлэлүүдийг урагшлуулж, хэрэгжүүлж амжсан шүү. Хувь хүнийхээ хувьд... Харамсалтай нь, манай

Ерөнхийлөгчийн өөрийнх нь төрх байдал мөнхөд хүндэтгэл үзүүлээд байхаар хүн биш. Тэр маш их ууртай, бардам зантай бөгөөд тэр нь түүний сул тал, бусдад эсрэг сэтгэгдэл төрүүлдэг “авьяас” нь юм.

Бидэнд жинхэнэ даруу зантай удирдагч л хэрэгтэй. Гэсэн хэдий ч олон талаараа Трамп Америкт сайн зүйл хийсээн. Обаматай харьцуулшгүй. Тэрбээр Обамагийн засаг, захиргааны үед шалдаа унасан Америкийн эдийн засгийг аварсан уу гэвэл аварсан л гэж хэлнэ. Хар арьст болон латин америк гаралтай иргэдийн ажил эрхлэлт түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрсэн нь булзааруулах аргагүй үнэн.

Татварыг бууруулж, бизнесүүд сэргэж эхэлсэн бөгөөд гадаадад үйлдвэрлэл эрхэлж байсан АНУ-ын олон компаниудыг Америктаа эргэн ирж үйлдвэрлэлээ сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн, цаашид ч тэр тал дээр ажиллана гэж амласан. Тэр нь Америк орны хувьд цагаа олсон зөв шийд байсан.

Даанч коронавирус бидэнд маш ихээр нөлөөлж, хэдхэн сарын дотор 36 сая хүн ажлын байраа алдаж байгааг бид харлаа. Үүний үр дүнд Ерөнхийлөгч Трампын нэр хүнд гүн гүнзгий уначихлаа. Уг нь би л лав хувьдаа дараагийн сонгуульд Трампыг ялна гэж бодож байсан, одоо бол тийм сайн мэдэхгүй байна.

Хэрвээ тэр хоёр дахь удаагаа дахин сонгогдвол эдийн засгаа дахин аварч чадах уу. Тэр чадна гэж би бодож байна. За даа тэр ч холын асуудал байна. Одоохондоо бид цар тахал, үймээн самууны ард гарах хэрэгтэй.

-Сайхан ярилцсан танд баярлалаа. Эхнэртээ мэнд хүргээрэй.

-Баярлалаа. Монголд байгаа миний андуудад мэнд хүргээрэй.

 

Ярилцсан: Д.Бат-Эрдэнэ

Зураг