Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Дараагийн тусгай нислэгүүдээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариунуудын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 27-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.

Улсын хэмжээнд долоон лабораторийг бэлтгээд тус бүрд нь 1,000 оношлуур хүргэж, туршилт сургуулилалт хийгдээд явж байгаа. Салбар лабораториудын тоног төхөөрөмж, оношлуур бүгд ижил. Эгзэгтэй үед олон тоогоор шинжилгээ хийх боломжтой.

ХӨСҮТ эмчилгээг багаар хийх зохион байгуулалт хийсэн. Шинэ баг эмчилгээ рүү орсон.

Одоо ингээд дараагийн тусгай нислэгүүдээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. Мөн ОБЕГ, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран зохион байгуулалтаа нарийн хийж байгаа" гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Эмчилгээний талаар мэдээлэл өгөөч?

- ДЭМБ-ын өгсөн үндсэн стандарт эмчилгээн дээр эмч нар өөрсдийн тактикаа бариад ажиллаж байна. Уламжлалт эмчилгээ хийгдээгүй. Эмч нар байнга туршлага солилцоод, зөвлөлдөөд эмчилгээгээ хийж байгаа. Үндсэн үзүүлэлт болох гол шинжилгээнүүдийг өдөр бүр хийж, өвчтөнөө хянаад эмчилгээгээ хийдэг.

Эмч, сувилагч буюу эмчилгээний багтай өвчтөн бас нэг хэсэг болдог. Өвчтөн эмч хоорондын харилцаа итгэлцэл эмчилгээний үр дүнд маш чухал. Дүрэм журмын дагуу эмч 14 хоног тусгаарлагдаад эмчлэгч баг солилцох учраас франц иргэн эмчээ солихгүй байх хүсэлт гаргасан. Тиймээс эмч нь үргэлжлүүлэн ажилласан.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/166563141329661/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.