Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдгэрсэн, эсрэг биет үүссэн хүмүүс дахин коронавирусийн халдвар авахгүй гэх нотолгоо одоогоор байхгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "СOVID-19 халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс дахин халдвар авахаас хамгаалагдсан гэх нотолгоо одоогоор байхгүй" гэдгийг онцлов.

Тэрбээр хэлэхдээ "Улс орнуудын туршлагаас харахад зөөвөрлөгдсөн тохиолдлоос голомтлон халдвар гарч, цаашлаад хүн амын дунд 1-3 дугаар шат руу богино хугацаанд шилжиж байна.

Зарим улсад халдварын давлагаа гарч эхэлсэн бөгөөд хоёр дахь давлагаа гарах эсэх нь цаг хугацааны асуудал болоод буй. Хамгийн гол нь бид өвчний давлагаа хооронд бэлэн байдлаа бэхжүүлж, хамгийн хүнд нөхцөл байдлыг тооцож бэлтгэх явдал юм.

Зарим улс SARS-2 коронавирусийн эсрэг биетийг илрүүлэх шинжилгээнд үндэслэн эдгэрсэн хүмүүст эрсдэлгүй, дархлаа тогтсон гэх батламж өгөх арга хэмжээг санал болгосныг өмнө нь бид мэдээлж байсан.

Харамсалтай нь COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн болон эсрэг биет үүссэн хүмүүс халдвар авахаас хамгаалагдсан гэсэн нотолгоо одоогоор алга.

Учир нь SARS-2 коронавирусийн эсрэг бие нь дахин халдварлахаас хамгаалж чадах эсэхийг дөрөвдүгээр сарын 24-н хүртэл хийсэн судалгаагаар тогтоож чадаагүй.

Эдгэрсэн хүмүүст эсрэг биет бий болсныг ихэнх судалгааны дүн харуулж байгаа ч зарим хүмүүсийн цусанд нь эсрэг биет маш бага хэмжээтэй байгаа юм" гэв.

Үргэлжлүүлэн “Сүүлийн 24 цагт хүн амын дунд тархалт өндөр байгаа 10 орны зургаа нь ДЭМБ-ын Европын бүсэд бүртгэгдэж, нийт халдварын 50 хувийг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногт зүүн Европын орнуудад халдварын түвшин нэмэгдсэн.

Нас баралтын хувьд одоогоор Франц улс 18 хувьтай байгаа бол Их Британи, Итали улсад 13 хувьтай байна. АНУ-д дөрвөн хоног тутамд тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж байгаа бол бусад өндөр хөгжилтэй орнуудад тав хоногт хоёр дахин нэмэгдэх үзүүлэлттэй байна" гэдгийг нэмж хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1152300681777903/?v=1152300681777903

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.