Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 32 оюутны 21 нь COVID-19-өөр өвдөөд байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Эмнэлэгт байгаа өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгаа вэ?

Д.Нямхүү: - Одоогоор яг ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Тэдгээр хүмүүст бид эмчилгээг зөв боловсруулж хийж байгаа гэж үзэж байна.

Бид өнгөрсөн хугацаанд энэ өвчний эмчилгээ тал дээр багагүй туршлагажлаа. Нэлээд хэдэн хүн ч эмчлэгдээд эмнэлгээс гарсныг та бүхэн мэдэж байгаа.

Өвчтөнүүдийг эдгээсэн байдал дээрээс ДЭМБ-ын зөвлөмж дээр үндэслэсэн монгол эмчийн ур чадвар, мэдрэмж, төлөвлөгөөний үр дүн харагдлаа.

-Одоо дахин гурван удаагийн нислэгээр иргэд ирнэ. Эрүүл мэндийн байгууллага одоо ирэх иргэдээ хүлээж авах бэлэн байдал хэр хангагдсан бэ?

Д.Нарангэрэл: -Тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр иргэдээ авчрах УОК-ын шийдвэр гарч, эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

Мэдээж өвчин зовлонтой хүний нутагт байгаа иргэдээ авахгүй гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Тиймээс бид 600 гаруй иргэнээ татан авах бэлтгэлээ бүрэн хангаж байна.

-Тандалт, судалгааг хэрхэн явуулж байгаа бол?

Д.Нарангэрэл: -ОХУ-аас ирсэн оюутнууд дээр манай тандалт, судалгааны албаныхан судалгаа хийж эрсдэлтэй бүлгийг ялгаж, ХӨСҮТ-д тусгаарласан. Эрсдэлтэйд тооцогдож ХӨСҮТ-д тусгаарлагдсан 32 оюутнаас одоогоор 21 нь өвдөөд байна.

Энэ нь манай тандалт, судлаачид эрсдэлтэй бүлгийг зөв ялгаж байгаагийн илрэл.

Түүнээс гадна, ОХУ-аа ирсэн оюутнуудын ихэнх нь метронд хонож, хоол ундгүй, хүнд хэцүү нөхцөлд байсан явдал нь дархлааг нь сулруулж, өвчлөл авах үндэс суурь болсон гэдгийг хэлье.

- Одоо тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд онгоцонд суухаас нь өмнө шинжилгээ авах болов уу. Ирэхэд нь хаана, хаана тусгаарлах вэ?

Д.Нарангэрэл: - Эрүүл мэндийн яамнаас тус нислэгээр ирэх хүмүүст заавал шинжилгээ хийлгэж, COVID-19 халдвар илрээгүй гэсэн лабораторийн бичигтэй байх ёстой гэсэн гэсэн шаардлага тавьж байгаа.

Гэхдээ зарим улсад шинжилгээ шинжилгээ хийхгүй байх эсвэл өөр улсаар дамжин ирэх хүмүүсийн хувьд шинжилгээ хийлгэх боломжгүй байх тохиолдол бий.

Тийм учраас энд ирэхэд нь ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаныхан хүн бүрээс нарийн судалгаа авна. Тэгээд дээр дурдсанчлан эрсдэлт бүлгээ сонгон авч, ХӨСҮТ-д тусгаарлана.

Харин бусад сэжиг багатай, эрүүл гэсэн хүмүүсээ амралт, сувиллын газар байрлуулахаар бэлтгэлээ хангасан.

Одоо ирэх хүмүүсийг харьцангуй эрүүл гэж үзэж байгаа учраас одоогоор тэдэнд амьсгалын аппарат болон бусад тоног төхөөрөмж хэрэггүй. 

Мэдээж эмнэлгийн тусламж авч байгаа буюу тэнд хагалгаанд орсон хүмүүс ирж буй. Тэдгээрийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлахаар зохион байгуулсан байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1152300681777903/
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.