Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн дээд шүүх хүүхдийг садар самуунд уруу татсан католик шашны санваартныг цагаатгалаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Бэлгийн халдлагын гэмт хэрэгт холбогдсон католик шашны хамгийн өндөр хэргэм зэрэгтэй хүний ялыг цуцалж, цагаатгах шийдвэрийг Австралийн дээд шүүх өнөөдөр гаргажээ.

Ингэснээр Ватиканы сангийн даамал асан, кардинал Жорж Пэлл зургаан жилийн хоригдох ялынхаа 13 сарыг гүйцээсний дараа Мелбурний ойролцоох шоронгоос суллагдах болж байна.

Тэрээр 2018 онд Австралийн Викториа мужийн шүүхээс олон жилийн өмнө үйлдсэн хэргийнхээ төлөө хорих ял сонсож байв. 1990-ээд оны үед Жорж Пэлл сүмийн найрал дуу дуулдаг 13 настай хоёр хүүгийн биед ёс бусаар халдаж байсан нь мөрдөн байцаалтын үр дүнд тогтоогдож байжээ.

Тэрээр Ватиканд 2014 оноос эхлэн Ромын пап ламын дэргэд сан хөмрөгийг нь хариуцан ажиллаж байгаад 2017 оны долдугаар сард Мелбурнд сайн дураараа буцаж ирсэн нь хүүхдийг садар самуунд уруу татсан олон удаагийн дуулианаас нэрээ цэвэрлэх зорилготой байжээ.

Хохирогч болсон хоёр хүүгийн нэг нь 31 настайдаа хар тамхины тун хэтрүүлж, амиа алдсан юм. Энэхүү эмгэнэлт явдлын дараа хоёр дахь хохирогч 2015 онд цагдаад хандаж, Пэллийн эсрэг зарга мэдүүлж байжээ.

Австралийн дээд шүүхийн долоон шүүгч өнөөдөр санал нэгтэйгээр кардиналын давж заалдах шатны шүүх хурал шударга бус болсон гэж үзээд цагаатгах шийдвэр гаргасан байна. Ватиканы дээрээсээ гурав дахь том албан тушаалтны холбогдсон энэ хэрэг Ромын католик шашны нэр хүндийг гүнзгий сэвтээгээд байсан юм.

 

Эх сурвалж: Reuters